Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Артерийн даралт ихдэх өвчин/Артерийн гипертензи

HypertensionТодорхойлолт:  Хэдэн удаагийн (доод тал нь 4-6 удаа) хэмжилтээр СД 140 мм МУБ буюу түүнээс дээш, ДД 90 мм МУБ буюу түүнээс дээш хэмжээнд байхыг Артерийн Гипертензи гэнэ. Мөн даралт бууруулах эм хэрэглэсний дараа хэмжихэд даралт хэвийн хэмжээнд байвал Даралт  ихсэх өвчин гэж үздэг.

Тархалт: Зүрх судасны өвчлөл нь монгол улсын нийт хүн ам дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. 2009 оны байдлаар ЗС-ны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 34.4% нь АГ-тэй байсан. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох STEPS 2009 оны судалгааны дүнгээс үзэхэд эрэгтэйчүүдийн 45-54 насныхны 54.9%, 55-64 насныхны 71.3% нь, эмэгтэйчүүдийн дунд 45-54 насныхны 52.1%, 55-64 насныхны 66% нь тус тус АГ-тэй байна. Уг судалгаагаар шинээр оношлогдсон АГ-тэй хүмүүсийн тал хувь нь урьд нь АД-аа хэмжүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

Шалтгаан нөхцөл: Артерийн гипертензийг анхдагч ба хоёрдогч гэж ангилна. Анхдагч гипертензи нь хамгийн элбэг буюу нийт өвчтөнүүдийн 90%-95% -д тохиолдох ба шалтгаан нь одоог хүртэл нарийн тодорхойлогдоогүй боловч дараах нөхцөл байдал өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болдог. Үүнд:

  • Давсны хэрэглээ өндөр байх буюу өдөрт 5.8 гр аас их байх
  • Өөх тостой хоолны хэрэглээ
  • Хорт зуршил /архи,тамхины хэрэглээ/
  • Хөдөлгөөны хомсдол
  • Ажил үйлдвэрийн үр дагавар
  • Мэдрэл сэтгэхүйн гэмтэл /сэтгэл хөдлөл, цочрол/
  • Удамшил

Харин хоёрдогч АГ буюу шинж тэмдгийн артерийн даралт ихдэх хэлбэр нь ямар нэг анхдагч өвчний улмаас үүснэ. Нийт өвчлөгсдийн 5% -10%-д л тохиолдоно. Шалтгаан нь: Бөөрний эмгэгүүд, бөөрний дээд булчирхайн хавдар, таргалалт, бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд

Ангилал:

Артерийн даралт 120/80 аас бага байх нь хамгийн тохиромжтой.

Хэрэв 120/80-аас 129/84 байвал хэвийн даралт, 130/85-аас 139/89 байвал хэвийн дээд хязгаар гэнэ.

Хэрэв 140/90 –ээс 159/99 байвал Артерийн даралт ихдэх өвчний нэгдүгээр үе

Хэрэв 160/100-аас 179/109 байвал Артерийн даралт ихдэх өвчний хоёрдугаар үе

Хэрэв 180/110-аас их байвал Артерийн даралт ихдэх өвчний гуравдугаар үе

Хэрэв 200/130-аас их байвал артерийн гипертензийн криз гэнэ

Эмнэлзүй:

Хүндрэл үүсээгүй тохиолдолд буюу нэгдүгээр шатанд байхад бодит үзлэгээр онц шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн  тохиолдлоор эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр   илэрнэ.

Өвчний 2-р шатанд АД өндөр болсонтой холбоотойгоор ихэнх тохиолдолд өвчтөнд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, амархан ядрах, ажлын чадвар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Мөн энэ шатанд ихэвчлэн зүрхний зүүн ховдол томорсонтой холбоотойгоор зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, амьсгаадах, хавагнах шинжүүд илэрч болно.

Өвчний 3-р шатанд зүрх, бөөр, тархи, нүдний судсанд өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинж тэмдэгүүд илэрнэ.

  • Зүрхний талаас: зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах, хавагнах, хэм алдагдах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөрсөнө.
  • Тархины талаас: цус харвалт үүсч органик өөрчлөлт үүссэнээр дээд, доод мөчний хөдөлгөөн гэмтэж, мэдрэхүй өөөрчлөгдөнө. Ой тогтоолт буурна, оюун ухаан суларна, нойр хямарна, хэл ээдрэнэ.
  • Бөөрний талаас: арьс загатнах, арьсанд цусархагшил илрэх, уремийн хордлогод орох, бөөрний дутагдалд хүрэх.
  • Нүдний талаас: хараа муудах, нүдэнд цус харвах гэх мэт шинжүүд илэрнэ.

Оношлогоо:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр гемоглобин болон гематокрит үзнэ

Цусны  биохимийн шинжилгээгээр: холестерин, триглицерид, сахар, уургийн фракци, креатинин, мочевин үзнэ.

Шээсний ерөнхий шинжилгээ: уураг, улаан эс тодорхойлно.

ЭКГ: зүрхний эмгэгийг илрүүлэх зорилгоор хийнэ. Шаардлагатай тохиолдолд зүрхний эхо шинжилгээ.

Рентген шинжилгээ:  зүүн ховдлын томрол, гол судасны байдалд үнэлгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд СТ.

Эхо: бөөр, элэг дэлүүний байдлыг үзнэ.

Нүдний уг дурандаж артерийн судсын байдлыг үнэлнэ.

Эмчилгээ:

АГ-ийн аль ч үе шатанд хоол хөдөлгөөн эмчилгээ маш чухал үүрэгтэй. Эмэн эмчилгээг өвчний үе шат, хоолны дэглэм болон хөдөлгөөнд артерийн даралт хэр бууж байгаагаас хамааран эмийн төрөл, тунг эмчлэгч эмч сонгоно. Эмчийн зөвлөсөн эмийг тогтмол цагт, даралт ихсээгүй үед ч гэсэн ууж хэрэглэнэ.

Мөн хорт зуршлыг шууд хаях нэн шаардлагатай.

Хоолны дэглэм:

Давсны хэрэглээг бууруулах

food-deglemХоногт 5.8 гр-аас бага давс  хэрэглэх, цайг давсгүй уух, давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх

  • кали их хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ хэрэглэх
  • тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн, ханасан өөх тосны хүчил багатай, кали ихтэй бүтээгдэхүүн зонхилсон хэрэглэх
  • Амьтны гаралтай өөх тос, өөх ихтэй тарган махны хэрэглээг багасгах
  • Долоо хоногт доод тал нь 2 өдрийн загасны эсвэл алимны өдөр болгох
  • Ургамлын тос (наранцэцгийн, чидун жимсний г.м.), ургамлын тосноос гаргаж авсан маргариныг хоолондоо хэрэглэх, талханд цөцгийн тосны оронд түрхэж идэх
  • Халуун ногооны хэрэглээг хязгаарлах

Хорт зуршил:

  • Архины хэрэглээг зогсоох – Архи нь АД буулгах эмийн нөлөөг сулруулдаг ба архины хэрэглээг хязгаарлахад СД болон ДД үлэмж хэмжээгээр буурдаг болох нь туршилтаар батлагдсан.
  • Тамхинаас гарах – хамгийн үр дүнтэй нь бөгөөд дангаар  хэрэгжүүлэхэд ЗС-ны олон өвчнөөс сэргийлж чаддаг урьдчилан сэргийлэлтийн том арга хэмжээ.

Хөдөлгөөн:

  • Дунд зэргийн эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийх. Үүнд: биеийн тэсвэр тэвчээр шаардсан хурдан алхах, шогшин гүйх, усанд сэлэх гэх мэт дасгал хөдөлгөөнүүд орно. Нэмэлтээр булчингийн эсэргүүцэл сайжруулах дасгалуудыг нэмэлтээр хийх боломжтой.

Артерийн гепиртензи өвчин оношлогдох үед дагалдаж уг өвчний эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл дараагийн 10 жилд аминд халтай нөлөө үзүүлэх эрсдэлийн хэмжээг тогтоодог. Уг үзүүлэлтүүдэд тухайн хүний нас, хүйс, тамхины хэрэглээ, өвчний цусан дахь холестерол болон артерийн даралтын хэмжээ ордог.

Урьдчилан сэргийлэлт:

Хэдийгээр таньд артерийн гипертензи гэсэн онош тавигдаагүй ч гэсэн хэрвээ та 40-өөс дээш настай бол дээр зөвлөсөн хоол болон хөдөлгөөний дэглэмийг баримтална уу. Мөн та тамхи татдаг, архи хэрэглэдэг бол эдгээр зуршлаа хаяхыыг таньд зөвлөж байна.

Мөн та 3 хамгийн холдоо 3 сард нэг удаа даралтаа хэмжүүлж байгаарай.

Эх сурвалж:  1. Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж.

                      2. High Blood Pressure  http://www.medicinenet.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх