Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бөөр, шээс ялгаруулах тогтолцоог судлах арга

Зовиур: Бөөрний өвчин эмгэгийн үед өвчтөнд  олон төрлийн зовиур илэрнэ:
•    ууц  нуруугаар өвдөх,
•    шээсний гарц, хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх,
•    хавагнах,
•    артерийн даралт ихэссэнтэй холбоотой гарах зовиур харьцангуй бага  зэрэг илэрдэг.
Үүний зэрэгцээ ерөнхий бие суларч амархан ядрах, бие зарайж,  даардас хүрэх,  халуурах  зэрэг зовиур  илэрнэ. Өвчин хүндрэн бөөрний дутагдал илэрсэн  болон  бусад эрхтэн системийн талаас  өөрчлөлт гарсан үед хоолны дуршил буурч огиулж бөөлжих, суулгах, арьс загатнах, яс булчин өвдөх, сэтгэл санаа хямарч гутрах, нойргүйтэх зовиур илэрдэг.
Ууц нуруугаар  өвдөх шинж нь бөөрний эд үрэвсэн хавагнаснаас бөөрний гадна хальс тэлэгдэн чинэрснээс үүсдэг. Гломерулонефрит, пиелонефритын  үед ууц нуруу орчмоор хөшиж өвддөг. Бөөрний чулуу, шээлээ дарагдах, шээс дамжуулах замын хавдрийн үед шээс ялгаралт  саатаж, тэвшинцэр тэлэгдснээс бөөр орчимд маш хүчтэй хатгуулан өвдөхийг бөөрний колик буюу хатгаа гэдэг. Энэ нь ихэнхдээ хэвлийн доод хэсэг, цавь, гуя, гадна бэлэг эрхтэн рүү дамжин өвддөг. Давсаг, шээсний сүвний үрэвслийн үед давсаг, шээсний сүвээр хатгаж өвдөнө.
Шээсний хэмжээ, гаралтын  өөрчлөлт: Эрүүл хүн хоногт 5-6 удаа шээх ба нийтдээ 1,5-2 л шээс ялгаруулна. Шээсний гарц, хэмжээ дараах байдлаар өөрчлөгдөнө.
•    Полиури-хоногт 2 литрээс их шээхийг хэлнэ. Эрүүл хүн шингэн их хэрэглэсэн үед физиологийн полиури үүснэ. Бөөрний архаг дутагдлын эрт үе, чихрийн шижин, хаван ихтэй өвчтөнд хаван хөөх эмчилгээний үед их шээнэ заримдаа 8л  хүртэл ч шээдэг.
•    Олигури-хоногт 600 мл-ээс бага шээхийг хэлнэ. Шингэн бага хэрэглэх, их хөлрөх үед физиологийн олигури үүснэ. Их хэмжээний түлэгдэл, цус адлалт, бөөлжих, суулгах, их хэмжээний хаван  үүсэх,  болсон, цусны даралт хэт буурсан үед шээс багасна.
•    Анури-хоногт 100 мл-ээс бага шээс ялгарахыг хэлнэ. Гломерулонефрит, бөөрний цочмог, архаг  дутагдал,  түрүү булчирхайн үрэвсэл, хавдар, шээсний сүвийн нарийслын үед тохиолдоно.
•    Никтури- Шөнийн шээсний хэмжээ ихсэхийг хэлнэ. Хэвийн үед өдөр шөнийн шээсний хэмжээний харьцаа 2:1 байдаг. Бөөрний архаг дутагдал, пиелонефрит ба завсрын эдийн үрэвслийн үед шөнийн шээсний хэмжээ ихэснэ.
•    Поллакури- ойр  ойрхон  олон  шээхийг хэлнэ.
•    Странгури- шээхэд шээсний сүвээр өвдөхийг хэлнэ. Поллакури, странгурийн шинж ихэнхдээ хавсарсан байдлаар тохиолддог, үүнийг дизурийн шинж гэж нэрлэдэг. Энэ нь  пиелонефритийн хурц үе, цистит уретритийн үед илэрдэг.
Хавагнах шинж нь гломерулонефрит, нефроз хам шинж, бөөрний амилоидоз ба чихрийн шижингийн нефропатийн үед  илэрнэ. Үл мэдэг далд хавангаас усан тулам (анасарк) болтлоо хавагнана. Нүд нүүрээр цайвар  хаван үүсч нүд ониин, өвчтөний царай өвөрмөц дүр төрхтэй болохыг Facies nephritica буюу нефритик царай гэж нэрлэдэг. Бөөрний хаван нь зөөлөн, шилжимтгий, цайвар өнгийн хаван үүснэ. Хаван  богино хугацааны дотор ихсэж  бүх биеийн  арьсан доорхи өөхөн эдэд тархах ба хүнд үед биеийн серозон хөндийд шингэн хуралдаж асцит, гидроторакс, гидроперикард үүсэж амьсгаадах, зүрх дэлсэх зовиур илэрнэ. Их хавагнаснаас арьс түүний дайврын тэжээл алдагдаж  арьс хуурайшиж,  хэвлий гуяны  арьс  язран үс, хумс хэврэгшиж хугарамтгай болно.
Артерийн даралт ихсэх шинж: Бөөрний зарим эмгэгийн үед артерийн даралт ихэссэнтэй холбоотой толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах, зүрх орчмоор өвдөх зэрэг зовиур илэрнэ. Гломерулонефрит, пиелонефрит, хоёрдогч нефропати, бөөрний артерийн нарийсал, бөглөрөл, гаж хөгжлийн үед артерийн даралт ихсэнэ.

ӨВЧИН, АМЬДРАЛЫН  ТҮҮХ
Өвчний түүхийг судлахдаа  бөөр, шээс ялгаруулах замын өвчин эмгэг үүссэн түүх, нөлөөлөх хүчин зүйлийг нарийвчлан асууж тогтооно. Үүнд:
•    Өвчин анх илэрч гарсан шинж,
•     бөөрний өвчнөөр өвчилж байсан бол шинжилгээнд гарч байсан өөрчлөлт, хийлгэж байсан эмчилгээг тодруулан асууна,
•     ханиад томуу, гүйлсэн булчирхайн үрэвсэл болон бусад өвчинөөр өвчилсөн байдал,
•    халдварт болон архаг өвчний  өгүүлэл байгаа эсэх
•    ажил, хөдөлмөр, ахуйн нөхцөл,
•    эмэгтэй хүнээс жирэмслэлт төрөлтийн  явцад хүндрэл гарч байсан эсэх,
•    гэмтэл бэртэл байсан,  даарч хөрсөн эсэхийг  асууж судална.
Эдгээр хүчин зүйлс нь бөөрний өвчний шалтгаант хүчин зүйл  болж болохын зэрэгцээ архаг өвчнийг сэдрээх хүчин зүйл болдог.

Ерөнхий үзлэг
Харж ажиглах. Өвчтөний байрлал нүүр царайны  байдал, арьс, үс,  хумсны  өнгө, тууралт, шарх, сорви, хаван байгаа эсэхийг  ажиглана. Бөөрний архаг дутагдлын үед уураг, ус давсны солилцоо хямарч биед хортой бодис хуралдан цус багадсан зэргээс арьс салст цайвартан хуурайшин арьс зэвхийдүү өнгөтэй болж төгсгөлийн шатанд хорт бодис арьс салстаар ялгарснаас амнаас шүвтэр үнэртэж арьсны рецепторууд цочирсноос арьс ихээр загатнан маажсан сорви үүснэ. Цусархаг шинж  үүсэж  хамраас цус гарч, арьсан дор цус харвалтын толбо  гарна.
Тэмтрэх, тогших. Бөөрний хаван нь цайвар өнгийн,  дарж үзэхэд арьс бүлээвтэр зөөлөн ба дарахад үүссэн хонхор амархан арилна,  биеийн  байрлалаас  хамааран  хаван шилжинэ.

Зураг 20. Бөөрний хаван

Хэвлийд шингэн  хуралдсан үед хэвлий цардайн томорч, доргиож үзэхэд шингэн цалгин мэдрэгдэнэ. Цээжний хөндийд ус хуралдсан үед устай хэсэгт уушгины тогшилтын чимээ бүдгэрч дууны доргио суларч амьсгал сонсогдохгүй болно. Энэ шинж нь бөөрний эмгэгийн үед илрэх боловч нурууний радикулит, остеохондроз, миозитын үед ч  бас илэрнэ.

Зураг 21. Бөөр тогших арга

Бүслэхийн орчимд зөөлөн  доргиоход өвчтэй байвал  Пастернацкийн шинж илэрч  байна гэж үзнэ.
Давсгийг хэвлийн гол шугамаар хүйснээс доош умдгийг чиглүүлэн зөөлөн тогшино. Хэвийн үед давсагны дээд хил умдгнаас дээш тодорхойлогдохгүй, харин  давсаг хэт их шээстэй  байвал, умдгнаас дээш дүлий чимээ тодорхойлогдоно. Бөөрийг хэвтээ ба босоо байрлалд тэмтэрч үзнэ. Өвчтөний бөөрний проекци газар ар талаас нь шахаж өгөөд нөгөө гараараа хэвлийн шулуун булчингийн зааг дээр  амьсгал гаргах үед гарын шахалтыг аажим нэмэгдүүлж гүн тэмтрэлт хийж бөөр тэмтэрнэ.
Хэвийн үед гиперстеник, нормостеник биеийн галибартай хүнд бөөр тэмтрэгдэхгүй буюу зарим хүний баруун бөөрний доод тууль тэмтрэгддэг, астеник конституцитай хүнд бөөр тэмтрэгдэнэ.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
Бөөрний өвчинг оношлох, эмчилгээний үр дүнг хянахад лабораторийн шинжилгээ чухал ач хобогдолтой. Эмнэлгийн практикт доорхи шинжилгээг  голлон хийдэг:
•    шээсний ерөнхий шинжилгээ,
•    шээсний тунадасыг шинжлэх сорил,
•    шээсэнд нян илрүүлэх шинжилгээ,
•    цусны биохимийн шинжилгээ,
•    бөөрний үйл ажиллагааны сорил,
•    иммунологийн шинжилгээ,
•    цусны бүлэгнэлтийн шинжилгээ г.м.
Шээсний шинжилгээ зохих журмын дагуу, зөв авсан эсэхээс шинжилгээний үзүүлэлтийн байдал  ихээхэн шалтгаална. Иймд шинжилгээ авахын өмнө шээсний сүвний орчин тойронг  савантай бүлээн усаар сайтар угааж цэвэрлээд шээлгэж шээсний дунд хэсгээс нь шинжилгээнд авч, 1-2 цагийн дотор шинжилнэ. Шээсийг 2 цагийн дотор шинжлэх бололцоогүй бол  нян үржин, дүрст эсүүд задардаг.
Шээсний ерөнхий шинжилгээ
Шээсний өнгө. Эрүүл хүний шээс сүрлэн шар өнгөтэй байдаг ба шингэн их хэрэглэсэн, шээлгэх эм уусан, бөөрний архаг дутагдал, чихрийн шижингийн  үед  шээсний хэмжээ ихсэж, шээс  ус мэт өнгөгүй болно.
Гломерулонефрит, цистит, бөөр шээсний замын хавдар, чулуу, сүрьеэ зэрэг өвчний үед цус шээсэнд орсноос шээс махны шүүс мэт улаан өнгөтэй болно. Цус, булчингийн задралын үед шээсэнд  гемоглобин, миоглобин орсноос шээс хар хүрэн өнгөтэй болно.
Шээсээр билирубин их ялгарч байгаа үед өтгөн хар цай мэт ногоон шар туяатай, хилури, липидурийн үед сүү дусаасан мэт өнгөтөй болно. В амин дэм, фурагин, 5-нок зэрэг эм хэрэглэж байгаа тохиололд шээс шар, аспирин, амидопирин болон хүрэн манжин идсэний дараа улаан туяатай шээс гардаг тул хэрэглэж байгаа эм тариа, хоол ундны байдлыг асууж лавлах  шаардлагатай.
Шээсний тунгалаг чанар, урвал. Эрүүл хүний шээс тунгалаг, сул шүлтлэг (рh 4,5-7,0) урвалтай байдаг ба хэрэглэж буй хоол хүнснээс хамаарч урвал өөрчлөгдөж болно. Шээсээр нян, цус, салс, давс, эсийн хэсгүүд холилдон гарснаас  булингартана.
Шээсний нягт. Шээсний нягт нь бөөрний өтгөрүүлэх үйл ажиллагааны байдлыг харуулдаг чухал үзүүлэлт болдог ба найрлагаас нь хамааран хоногийн туршид 1,005-1,025-ийн хооронд хэлбэлзэнэ. Өлөн шээсний хувийн жин 1,015-1,025 байх нь бөөрний өтгөрүүлэх үйл ажиллагаа хэвийн байгааг харуулна. Шээсний хувийн жинг дүгнэхдээ шээсэнд уураг, глюкоз байгаа эсэхийг харгалзана. Чихрийн шижин, өндөр халууралт, их хэмжээгээр бөөлжиж суулгасны дараа шээсний нягт ихэснэ.
Протеинури. Эрүүл хүний шээсээр хоногт 0,003-0,005 г/л хүртэл уураг  ялгардаг. Үүнээс их  уураг гарахыг протеинури гэх ба энэ нь  бөөрний болон бөөрний бус олон шалтгааны улмаас   үүсдэг.
Глюкозури. Эрүүл хүний шээсний шинжилгээнд глюкоз илэрдэггүй ба илрэхийг  нь глюкозури гэнэ. Хэт чихэрлэг хоол унд  хэрэглэсний дараа физиологийн глюкозури үүсэж богино хугацаанд арилна. Чихрийн шижин, бөөрний шижин өвчний үед эмгэг глюкозури үүснэ.
Кетонури. Янз бүрийн шалтгаант жирэмсний хүнд хордлого, хоолны хордлого, чихрийн шижинтэй хүнд   илэрдэг.
Эпителури.  Шээсний  тунадасанд  3  төрлийн  хучуур  эс  илэрдэг.
•    Хавтгай хучуур эс нь эрүүл хүнд 1-2 эс харах талбайд тоологдоно, шээсний сүв, гадна бэлэг эрхтний салстын хучуур эс.
•     Бортгон хучуур эс нь бас  шээсний доод замын хучаас эсийн гаралтай эс тул  шээсний доод замын эмгэгийн үед илэрдэг.
•    Бөөрний хучуур эс нь бөөрний сувганцрын гаралтай тул гломерулонефрит, сувганцрын үхжил ба бөөрний амилоидозын үед илэрдэг.
Лейкоцитури. Эрүүл хүний шээсэнд  4-6 х/т тоологдох ба үүнээс их тоологдохыг   лейкоцитури гэнэ. Шээсээр  их хэмжээний   цагаан эс гарахыг пиури  гэнэ. Лейкоцитури нь бөөр шээс дамжуулах замын халдварын болон халдварын бус  шалтгааны үрэвслийн үед  үүснэ.
Гематури. Эрүүл хүний шээсээр улаан эс 0-1 х/т гарч болох ба үүнээс их гарахыг гематури гэнэ. Шээс харахад махны шүүс мэт улаан ягаан өнгөтэй байвал макрогематури гэнэ. Шээсний  өнгө өөрчлөгдөхгүй харах талбайд 100 хүртэл улаан эс тоологдохыг микрогематури гэнэ.
Гематурийн байрлалыг тогтоохын тулд “3 аяганы сорил” хийнэ. Шээсний сүвийн гэмтэл, үрэвслийн үед шээсний эхний хэсэгт гематури илэрнэ. Түрүү булчирхайн хавдар, давсагны хүзүүвч хэсгийн хавдрын үед төгсгөлийн буюу 3  дахь шилтэй шээсэнд гематури илэрнэ. Давсаг, шээлээ, бөөрний эмгэгийн үед   бүх шээсэнд улаан эс гарна. Хэлбэр, бүтэн байдал алдагдсан, өнгө гандан  өөрчлөгдсөн “хуучин” улаан эс шээсэнд байх нь түүдгэнцрийн гаралтай  эмгэгийн үед илэрдэг бол  хэлбэр өнгө өөрчлөгдөөгүй “шинэ” улаан эс  илрэх нь шээс дамжуулах доод замын  эмгэг байгааг харуулна.
Шээсээр давс ялгарах. Урат, фосфат, оксалатын давс, шээсний хүчил их ялгарах нь бөөр чулуужих өвчний шинж болно.
Нян, мөөгөнцөр, паразит. Лейкоцитуритай хамт илэрвэл шээс дамжуулах  болон бэлгийн замын эмгэг байж болзошгүйг харуулна. Чихрийн шижин, давсганд байнгын гуурстай удах, антибиотик, дархлал дарангуйлах эм хэрэглэсэн зэргийн улмаас бэлэг эрхтэн, шээсний замд мөөгөнцөр   үржин, трихомониазын үед  трихомонад, цагаан хорхойтой хүнд  цагаан хорхой болон түүний өндөг илэрдэг.
Тундасжуулах сорил
Нечипоренкийн сорил-Шээсийг тунадасжуулж 1мл шээсний тунадасыг шинжилж үзнэ. Эрүүл хүний  1 мл шээсэнд  цагаан  эс  2000, улаан эс 1000, бортгонцор  1-50 хүртэл   тоологдоно.
Амбуржийн сорил – 3 цагийн хугацаанд давсганд ялгарсан шээсийг хэмжиж, 1 минутанд ялгарсан шээсний тунадсыг шинжилнэ. Хэвийн үед цагаан эс 2 000, улаан эс 1 000, бортгонцор  50 хүртэл гарна.
Аддис-Каковскийн сорил – Хоногийн шээсийг цуглуулж  шинжилнэ. Хэвийн үед  цагаан эс 2 сая, улаан эс1 сая, бортгон эс 0-20 000 хүртэл илэрнэ.
Шээсний нянгийн  шинжилгээ
Шээсний нянг харах арга – Шээсний тунадаснаас авч нэг харах талбайд 9-өөс дээш нян илэрвэл бактериури илэрч байна гэж үзнэ.
Химийн арга – Нянгаас ялгарсан фермент нь зарим химийн бодисыг ангижруулан өнгийг нь хувиргадаг химийн урвалд үндэслэсэн шинжилгээ юм.
Нян өсгөвөрлөх арга- Шээсийг тэжээлт орчинд ургуулж шинжлэх нь нянгийн төрөл, эмэнд мэдрэг байдлыг тогтоох арга юм. Нэг мл шээсэнд 100 000-аас дээш нян илэрвэл  шээс нянтай  байна гэж үзнэ.
Бөөрний үйл ажиллагааны сорил.
Шээсийг өтгөрүүлэх, шингэрүүлэх, түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тодорхойлох зэрэг  шинжилгээ хийж  бөөрний үйл ажиллагааг дүгнэнэ.
Цусны креатинин. Эрүүл хүний цусны креатинин 60-123 мкмоль/л  байна. Креатинин нь хоол унд, биеийн ачааллаас хамаарч өөрчлөгддөггүй бөгөөд зөвхөн шээсээр ялгардаг тул  бөөрний үйл ажиллагаа алдагдах  үед  ихэсдэг.
Мочевин, үлдэгдэл азот. Хэвийн үед азотын солилцооны эцсийн бүтээгдэхүүн  мочевин 1,2-7,0ммоль/л; үлдэгдэл азот 14,2-28,5 ммоль/л  байна. Бие махбодид уургийн задрал ихсэх, уураг ихтэй хоол хэрэглэх, бөөрний үйл ажиллагаа алдагдах  үед  мочевин, үлдэгдэл азот  ихэснэ.
Реберг-Тареевын сорил. Нэгж хугацаанд түүдгэнцрээр шүүрэн гарч буй сийвэнгийн хэмжээг түүдгэнцрийн шүүлтийн хурд (ТШХ) гэнэ. ТШХ хурд буурч байгаа нь бөөрний өвчин даамжирч буйг харуулна. Өвчтөний 24 цагийн шээсийг цуглуулан авч, судасны цусыг авна. Шээсийг нарийн хэмжиж, цус шээсэнд креатинины хэмжээг тодорхойлоод томьёонд оруулж ТШХ, сувганцрын эргэн шимэгдэлтийг тодорхойлоно. .

                                                         Ucr х V
ТШХ =     ————-
Sc
v –минутны шээсний хэмжээ
U c r- шээсэний креатинин
Sc r-  сийвэнгийн креатинин

ТШХ нь эрүүл хүнд 80-120 мл/мин байдаг.
Артерийн даралт багасах, шок, зүрхний дутагдал, усгүйжил зэрэг бөөрний   бус  шалтгааны  улмаас  түүдгэнцэрийн  шүүлтийн  хурд  буурна. Архаг гломерулонефрит, архаг пиелонефрит, бөөрний цочмог болон архаг  дутагдлийн үед  ТШХ  болон сувганцрийн эргэн шимэгдэлт буурна.
Зимницскийн сорил. Өвчтөнг ердийн дэглэмд байлгаж хоногийн турш 3 цагийн зайтай 8 шилэнд шээлгэж, шээсний хэмжээ, хувийн жинг хэмжинэ. Ердийн үед уусан шингэний 75 хувь нь өдрийн цагт шээсээр ялгарах бөгөөд шээсний хувийн жин 1,015-1,025 хооронд хэлбэлзэнэ.
БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭ
Орчин үеийн нефрологийн практикт хэт авиа, рентген,  радионуклидийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Эдгээр шинжилгээ нь хүний биед хор багатай, бөөрний байрлал, хэлбэр, бүтэц, шээс дамжуулах замын үйл ажиллагаа, эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжийг олгодог.
Хэт авиан шинжилгээ
Энэ нь нягт  ялгаатай орчнуудын зааг дээр  дууны хэт  долгион жигд бус ойдогт  үндэслэгдсэн шижилгээний арга юм. Эрүүл  хүний  бөөрний  урт 12 см, өргөн нь 6 см, зузаан нь 3 см орчим  байна. Шинжилгээгээр  бөөрний хальсан бүрхүүлийн  эхо шугам тод тэгш харагдана. Бөөрний цуллаг эдийн зузаан нь1,5-2 см,  хэвийн үед цуллаг эдийн талбай, бөөрний үүдэн буюу  аяганцар тэвшинцрийн хэсгийн харьцаа 2:1 байна. Эхо шинжилгэгээр бөөрний гаж хөгжил, байрлалын гажуудал, гидронефроз, уйланхай, үрэвслийн процесс, хавдар, чулууг оношилно.
Хэт авиан допплерографи. Хөдөлж буй объектоос хэт авиа ойх үед авианы давтамж, долгионы тархаж байгаа тэнхлэгийн дагуух хөдөлгөөний хурдад пропорционалиар өөрчлөгддөг чанарт үндэслэгдсэн шинжилгээ юм. Хэт авиан допплерографи бөөрний артерийн судасны ханын уян чанар, судасны дамжуулалтын хэвийн байдал, бөглөрсөн эсэх, судасны  хэвийн  хэмжээ байдал, өргөсөл, нарийсал, судасны дотор хана булчинлаг давхрагын нягтрал, зузаан, гадаргуун байдал, судасны доторх өөрчлөлт: атеросклерозын товруу, бүлэн, тэдгээрийн бүтэц, хэмжээ дотор ханын ховхрол, цүлхэн байгаа эсэх судасны орчмын эдийн байдал  зэргийг тодорхойлно.
Рентген шинжилгээ
Бөөр, шээс дамжуулах замын эмгэгийн оношилгоонд рентген шинжилгээний арга нилээд ач холбогдолтой.
Шээсний замын  рентген тойм зураг: Цээжний ХI нугалмаас умдаг яс хүртэл, бөөр давсгийг бүтэн багтааж  ямар нэгэн бэлтгэлгүйгээр шууд  зураг авна.
Ялгаруулах буюу  экскретор урографи: Бөөрөөр ялгардаг тодотгогч бодисын тусламжтайгаар бөөрний бүтэц, үйл ажиллагааг судалдаг арга юм. Өвчтөнд шинжилгээ хийхийн өмнө урьд нь уг шинжилгээг хийлгэж байсан эсэх, йод агуулсан бодисонд  харшилтай эсэхийг асууж шинжилгээ хийхээс өмнө тодруулах бодисын сорил хийнэ. Шинжилгээ хийхийн урьд орой, шинжилгээ хийх өглөө цэвэрлэх бургуй тавина. Йодын хольц бүхий урографин, уротраст, визотраст зэрэг тодотгогч бодис 30-40 мл-ийг судсанд тарьж 7-10, 15-20, 20-25 дахь минутанд зураг авна.
Бөөрний рентген шинжилгээний зургаар бөөрний байрлал, хэлбэр хэмжээ,  аяганцар тэвшинцэр, шээлээ, давсагны хэлбэр зэргийг тодорхойлохоос гадна тодотгогч бодисын шингээлт, ялгаралтын байдлаар бөөрний үйл ажиллагааг дүгнэнэ.
Бөөр нь цээжний ХII, бүсэлхийн III нугалмын түвшинд байрлах ба бөөрний үүдэн хэсэг нь бүсэлхийн I-II дугаар нугалмын түвшинд харагдана. Хэвийн үед баруун бөөр зүүнээс ялимгүй дор байрлана.
Хэвийн үед бөөрний хүрээ тэгш байдаг ба пилонефрит, уйланхай, поликистоз  зэрэг  эмгэгийн үед  бөөрний   хүрээ   тэгш   бус  болно.
Рентген зурганд  аяганцрууд тэлэгдэн, хүзүүвч нь татагдан нарийсах шинж илрэх нь пиелонефрит, бөөрний сүрьеэгийн эрт үед илэрнэ.
Пиелонефрит даамжирч голомтот соривжилт үүсэхийн хирээр бөөр жижгэрч аяганцрууд ойртож, хэлбэр нь өөрчлөгдөн мөөг, булцуу мэт  болж тэвшинцэр тэлэгдэж өргөснө.
Шинжилгээний эсрэг заалт:
•    Йодын бэлдмэлд хэт мэдрэг,
•    Бөөр, элэг, зүрхний үйл ажиллагааны дутагдал,
•    Хүнд хэлбэрийн тиреотоксикоз,
•    Жирэмсэн.
Компьютерийн томографи –Олон түвшинд зүслэг хийж зураг аван  голомтот үүсгэвэрийн  байрлал, тархалт,  үсэрхийлэл, мэс засал төгс хийгдсэн эсэх, туяа эмчилгээний явцад хавдрын регресс болж буй эсэхийг илрүүлэх  ач холбогдолтой.
Бөөрний ангиографи -Сельдингерийн аргаар гуяны артерийг сэтгүүрдэж гуурс оруулан тодотгогч бодис шахаж зураг авна. Бөөрний ангиографи нь  судасны, цуллаг эдийн, вений судасны ба ялгарах гэх 4 үеийн зургийг авдаг учир бөөр, шээс ялгаруулах дээд замын бүтэц ба үйл ажиллагааг дүгнэх боломжийг олгоно.
Бөөрний эдийн шинжилгээ
Бөөрний эдийг тусгай зүүгээр хатгаж аван гэрлийн, иммунофлюоресцент, электрон микроскопоор бөөрний өвчинг оношлох, ялган оношлох, суулгасан бөөрний бичил бүтэц байдал, эмийн нөлөөлөл зэргийг тогтоох зорилгоор  шинжилдэг.
Дурангийн шинжилгээ
Давсаг, шээлэйн салст бүрхэвчийн шарх, шархлаа, хортой, хоргүй хавдар, чулууг оношилно. Зарим тохиолдолд шээлэйгэээс тус, тусаас нь шээс авч шинжилнэ. Хэсэг газрын эмчилгээ хийх, оношилгооны зорилгоор эд авах, чулуу бутлах эмчилгээг дурангаар хийнэ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 5