Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Амьсгалын эрхтэн тогтолцооны бодит үзлэг

Өвчтөнд эхлээд  бүх биеийн ерөнхий үзлэг  хийж биеийн ерөнхий байдлыг тогтоосны дараа амьсгалын эрхтний үзлэг хийх нь оношилгоонд чухал ач холбогдолтой. Амьсгалын эрхтний үзлэгт цээжийг  харж ажиглах, цээжний тэмтрэлт, уушгийг тогших, чагнах зэрэг орно.
Цээжний үзлэг: цээжийг харж цээжний хэлбэр, нурууны цээжин хэсгийн хэлбэр, цээжний булчингийн амьсгалд оролцох байдал (ижил, амьсгалд нэг тал нь хоцрох), амьсгалын хэлбэр, тоо,  хэмнэл зэргийг тодорхойлно.
Цээжний хэлбэрийг эрүүл ба эмгэг гэж хоёр хэлбэрт ангилан үзнэ. Зөв(эрүүл) хэлбэртэй цээжийг биеийн ерөнхий галбиртай адилаар нормостеник, астеник, гиперстеник гэж ангилна. Цээжний хөндийн эрхтнүүдийн эмгэг, араг ясны гажилтаас  болж цээжний хэлбэр эмгэгээр өөрчлөгддөг. Үүнд:
Торх хэлбэрийн цээж -. Өвчүү-нурууны болон хөндлөн хэмжээ ихэссэн, эгмийн дээд, доод хонхорууд дүүрч тэгширсэн, хавиргануудын хоорондох зай өргөсөж цээжний хэлбэр “торх” шиг хэлбэртэй болно. Цээж гүнзгий амьсгал авсан байдалтай, амьсгал гаргалт саадтай болсон байна. Энэ хэлбэрийн цээж нь уушгины архаг бөглөрөлтөт өвчний үед тод илэрнэ.
Хавчиг цээж – Өвчүү, нурууны хэмжээ, хөндлөн хэмжээсээс багассан, эгэм болон түүний  дээд, доод хонхорууд тод илэрсэн, цээж хавтгай, нарийхан, урт болсон байна. Энэ хэлбэрийн цээж нь  уушгины архаг сүрьеэ, цээжний гялтан хальсны наалдац, зузаарлын үед илэрч болно.
Тахиан цээж:- Цээжний хоёр хажуу хонхойж, өвчүү нь урагшаа эрс төвийснөөс өвчүү-нурууны хэмжээ ихэссэн байна. Энэ хэлбэрийн цээж нь сульдаагаар  өвдсөн хүмүүст тохиолддог.
Нурууны эмгэг  өөрчлөлт.  Нуруу урагшаа муруйхыг лордоз, хойшоо бол кифоз, хажуу тийш муруйхыг сколиоз гэнэ. Заримдаа хосолсон муруйлт байх ба эдгээр нурууны муруйлт нь сульдаа, сүрьеэ, гэмтэл зэргийн үр дагавар байдаг юм.
Амьсгалын хэлбэр, хэмнэл, тоо. Амьсгалд хавирга хоорондын болон хэвлийн булчингуудын аль нь давамгайлан оролцож байгаагаар нь амьсгалыг цээжний, хэвлийн, холимог гэсэн гурван хэлбэр болгодог.
•    Цээжний амьсгал нь амьсгалд хавирга хоорондын булчингууд илүү давамгайлан оролцсоноос амьсгал авахад цээж  өргөсөхийг хэлнэ. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолдоно.
•    Хэвлийн амьсгал нь амьсгалд өрц илүү давамгайлан оролцсоноос амьсгал авахад хэвлий урагш томорч байхыг хэлнэ. Ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдоно.
•    Холимог амьсгал нь амьсгалд хавирга хоорондын болон өрц нэгэн зэрэг оролцож цээжний доод, хэвлийн дээд хэсэг амьсгалд оролцож байхыг хэлнэ. Ихэвчлэн настай хүмүүст,  зарим эмгэгүүдийн үед тохиолдоно.
Насанд хүрсэн эрүүл хүн минутанд 18-20 удаа амьсгална. Нялх хүүхэд минутанд 40-45 удаа амьсгална. Унтаж байх үед амьсгалын тоо арай цөөрнө. Хүнд ажлын дараа болон сэтгэл их хөдөлсөн үед эрүүл хүмүүсийн амьсгалын тоо олширно. Зарим  өвчнийн үед ердийн амьсгалын давтамж, далайц, мөчлөг,  хэмнэл алдагдан эмгэг амьсгал үүсгэнэ. Эмгэг амьсгалыг жигд ба жигд бус мөчлөгтэй гэж  ангилна.
•    Амьсгалын мөчлөг нь жигд бус амьсгалд сэлгэх, долгионт амьсгал, Чейн-Стокс /А/, Биотын /Б/ амьсгал зэрэг хамаардаг ба тархины хаван, цус харвалтын үед Чейн-Стоксын, Биотын амьсгал илэрнэ.
•    Амьсгалын мөчлөг нь жигд эмгэг амьсгалд амьсгал олшрох, цөөрөх, Куссмаулийн /В/ амьсгал зэрэг хамаардаг ба энэ нь  диабет, уреми, элэгний комын үед илэрнэ.

Цээжний тэмтрэлт (palpatio): Цээжний тэмтрэлтээр цээжний уян хатан чанар, хавирга хоорондын зай, цээжний булчингийн байдал,  дууны доргиог тодорхойлно.
Цээжний уян хатан чанарыг  тодорхойлохдоо:
•    нэг гарынхаа алгыг өвчүүнд, нөгөө гараа далны хооронд нэг түвшинд нягт наан байрлуулж огцом шахаж түлхэх хөдөлгөөнөөр,
•    мөн гарынхаа алгыг цээжний хоёр талд байрлуулан дахин шахаж  үзнэ.
Хэвийн үед цээж нь уян харимхай, тодорхой эсэргүүцэлтэй байна. Уушги хийгээр тэлэгдэх, гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах, гялтан хальсанд их хэмжээний наалдац үүссэн, хавирганы мөгөөрс нь ясажсан настай хүмүүст цээжний уян хатан чанар багасаж, эсэргүүцэл ихэснэ.
Хавирга болон хавирганы хоорондох зайд хоёр талаас нь тэмтрэлт хийхэд хавирганы дагуу хөндүүр байх нь ясны хальсны үрэвсэл (периостит), хугарал байж болно. Хавирга хугарсан бол шарчигнах чимээ сонсогдоно. Хавирганы хоорондох зайд өвдөлтэй байх нь гялтан хальс, хавирга хоорондын булчин, мэдрэлийн судал гэмтсэн үед илэрнэ.
Цээжний хоёр талд, нэг түвшинд хоёр гарынхаа алгыг нягт дарж байрлуулаад өвчтөнөөр «р» үсэг орсон үгийг (хоёр, гурав гэх мэт) давтан хэлүүлж дууны доргиог тодорхойлно.

Зураг 6. Цээжний уян хатан чанар тодорхойлох
Эрүүл хүнд дууны доргио нь цээжний хоёр талд адил хүчтэй мэдрэгдэх ёстой. Харин туранхай хүмүүст дууны доргио чангарч, тарган хүмүүст суларсан байна. «Р» үсэг орсон доргионтой үг хэлүүлэхэд дууны хөвч чичирхийлж, мөгөөрсөн ба гуурсан хоолойгоор авиа дамжин цээжийг хэлбэлзэлд оруулна. Иймээс цээжний доод хэсэгтэй харьцуулахад дээд хэсэгт, зүүн талтай харьцуулахад баруун талд дууны доргио илүү сайн мэдрэгдэх нь цээжний дээд хэсэг дууны хөвчтэй илүү ойрхон, баруун гол гуурсан хоолой нь өргөн бөгөөд богино байдагтай холбоотой юм. Уушгины агааржилт багассан өвчнүүдийн (уушгины дэлбэнгийн үрэвсэл, инфаркт гэх мэт) үед дууны дамжуулалт ихэссэнтэй холбоотой дууны доргио чангардаг бол уушгины агааржилт ихэссэн (уушги агаараар тэлэгдэх) буюу уушгинаас гадагш цээжний хана руу дуу дамжихад саад үүссэн (гялтангийн хөндийд шингэн, хий хуримтлагдах, гялтан хальсаны наалдац үүсж зузаарах) тохиолдолд дууны доргио суларна.
Уушги тогших (percussio) Уушги, гялтангийн хөндийд үүссэн эмгэг өөрчлөлтийг харьцуулсан тогшилтоор, уушгины хил хязгаарыг байршлын тогшилтоор судална. Өвчтөнг суугаа буюу босоо байрлалд тогшилтыг хийнэ. Тогшилтыг цээжний урд хэсэгт хийвэл өвчтөний хоёр гарыг буулгасан, хажуугаас бол хоёр гарыг толгойн ард нь салаавчлуулсан, ар талаас бол хоёр гараа цээжнийхээ урд авч зөрүүлээд гарынхаа алгыг эсрэг талын мөрөн дээр тавьж, толгойг бага зэрэг бөхийлгөсөн байрлалыг сонгоно.

Зураг 7. Уушги харьцуулан тогших арга
Харьцуулсан тогшилт: Харьцуулсан тогшилтыг цээжний урд, хажуу, хойд хэсгүүдэд тодорхой дэс дараалалтай хийнэ. Эхлээд цээжний өмнө хэсэгт эгэмний дунд шугамаар, уушгины оройгоос эхлэн III хавирга хүртэл тодорхойлно. Учир нь зүүн талд III хавирганаас доош зүрхний дүлий чимээ, баруун талд зүрхний баруун хилийн заагууд тодорхойлогдож эхэлнэ. Хажуугийн тогшилтыг суганы урд, дунд, хойд шугамуудаар, суганы хонхроос эхлэж V хавирга хүртэл хийнэ. Учир нь зүүн талд хэнгэргэн чимээтэй Траубегийн зай, баруун талд элэгний дүлий чимээний заагууд тодорхойлогдож эхэлнэ. Цээжний арын харьцуулсан тогшилтыг эхлээд далны дээд хэсэгт (хуруугаа хөндлөн байрлуулж), дараа нь далны хоорондох хонхорын дээд, дунд, доод хэсэгт (хуруугаа босоо байрлуулж), эцэст нь далны доод хэсэгт эхлээд нурууны ойролцоох, дараа нь далны шугамаар VII, VIII, IX хавиргануудын завсраар хуруугаа хөндлөн байрлуулж тодорхойлно.
Эрүүл хүний цээжний баруун, зүүн талд тогшилтын дуу ижил, уушгины тод авиа сонсогдох ёстой. Зүүн уушгины оройг баруун уушгитай харьцуулахад арай тод авиа сонсогддог нь баруун мөрний булчин илүү хөгжсөнтэй холбоотой. Солгой хүнд эсрэг байдаг.Уушгины хатгаа, сүрьеэ, хавдар зэрэг өвчнүүдийн үед уушгины эдийн агааржилт багасаж, нягтарснаас тогшиход дүлий буюу богиносон чимээ сонсогдоно. Цээжний гялтангийн хөндийд их хэмжээний шингэн хуралдсан үед “булчин” тогшиж байгаа мэт туйлын дүлий чэмээ сонсогддог. Дүлий чимээ нь уушгины тод авианаас ялгагдах онцлог нь намуун, бүдэг, дууны үргэлжлэх хугацаа богино байна.
Уушги агаараар тэлэгдэх өвчний үед цээжний бүх хэсэгт хайрцган чимээ гарна. Цээжний гялтангийн хөндийд хий хуримтлагдах, уушгинд том хэмжээний хөндий үүссэн тохиолдолд тогшилтоор хэнгэргэн чимээ сонсогдоно.
Байрлалын тогшилт: . Байрлалын тогшилтоор уушгины дээд, доод хил, займчих хөдөлгөөнийг тодорхойлно.
Уушгины доод хилийг тодорхойлохдоо босоо шугамуудаар дээрээс нь доош тогшино.
Баруун уушгины эгэмний дунд, зүүн уушгийг суганы урд шугамуудаар тогшиж доод хилийг эхэлж олоод нурууны ойролцоох шугамаар тодорхойлоно.
Зураг 8. Уушгины хил тодорхойлох шугамууд

Эгэмний дунд шугамаар зүүн уушгины доод хил тодорхойлогдохгүй нь зүрх байдагтай холбоотой. Тогшилтыг уушгины тод авиа дүлий чимээнд шилжих хүртэл хийж, хурууны дээд ирмэгээр  хэмжинэ. Нормостеник хүний уушгины доод хил хязгаарыг  хүснэгт 1-ээр үзүүлэв.

Хүснэгт 1
Уушгины доод хил

Áîñîî øóãàìóóä
Áàðóóí óóøãèíû äîîä õèë
Ç¿¿í óóøãèíû äîîä õèë
Ýãýìèéí äóíä
Ñóãàíû óðä
Ñóãàíû äóíä
Ñóãàíû àð
Äàëíû

VI   õàâèðãà

VII  õàâèðãà

VIII õàâèðãà

IÕ   õàâèðãà

Õ   õàâèðãà

Òîäîðõîéëîãäîõã¿é
VII õàâèðãà
 IÕ õàâèðãà
 IÕ õàâèðãà

Õ õàâèðãà

Íóðóóíû îéðîëöîîõ
Öýýæíèé
XI íóðóóíû ñýðòýí
Öýýæíèé XI
íóðóóíû ñýðòýí
Гиперстеник хүнд уушгины доод хил нэг нуруугаар дээр, астеник хүнд нэг нуруугаар дор байрлалтай байна. Хоёр уушгины доод хил ижил доошлох нь уушги агаараар тэлэгдэх, дотор эрхтэн доор байрлах (висцероптоз), нэг тал доошлох нь уушги тайруулсан үед тохиолдоно. Мөн тарган, хэвлийд шингэн хуралдсан, гэдэс дүүрсэн үед хэвлийн дотоод даралт ихэссэнээс уушгины доод хил 2 талд ижил  дээшилж болно.
Цээжний гялтангийн хөндийд шингэн хуримтлагдсан үед тэр талын уушгины доод хил дээшлэн  тогшилтоор дүлий чимээ тодорхойлогдоно.
Уушгины займчих хөдөлгөөн нь амьсгалаа дээд хэмжээгээр гүнзгий аваад хамгийн их хэмжээгээр гаргахад уушгины доод хил ямар хэмжээгээр өөрчлөгдөхийг заах хэмжээ юм. Уушгины доод хилийг олсоны дараа, толгойн ард гарыг салаавчлуулсан байрлалд, зөвхөн суганы арын шугамаар займчих хөдөлгөөнийг тодорхойлно. Өвчтөнг гүнзгий амьсгал авахуулж, түгжүүлээд дүлий чимээ гартал тогшиж, хурууны дээд ирмэгээр тэмдэглэнэ. Дараа нь өвчтөний амьсгалыг хамгийн ихээр (гүнзгий) гаргуулан түгжээд, уушгины тод авиа дүлий чимээнд шилжтэл тогшоод дээрхийн адил тэмдэглэл хийнэ. Дээр зурсан хоёр тэмдгийн хоорондох зайг хэмжиж уушгины займчих хөдөлгөөнийг тодорхойлно. Хэвийн үед 4-8 см байна. Уушги агаараар тэлэгдэх, хавдар, үрэвслийн гаралтай ателектаз, гялтан хальсны наалдац, өрцний үйл ажиллагаа хямарсан, хэвлийн дотоод даралт ихсэх зэрэгт займчих хөдөлгөөн багасана. Харин гялтангийн хөндийд шингэн хуралдаж, уушгийг шахсан үед займчих хөдөлгөөн  тодорхойлогдохгүй.
Уушгины оройн өндрийг эхлээд урдаас, дараа нь ар талд тодорхойлно. Өвчтөний урд талд хурууг эгэмний дээр байрлуулан эгэмнээс дээш m. sternocleidomastoideus -ын төгсгөл рүү чиглүүлэн дүлий чимээ гартал тогшино. Хэвийн үед уушгины оройн өндөр эгэмнээс 3-4 см дээш байна. Ар талаас тодорхойлохдоо хуруугаа далны хамартай зэрэгцээ байрлуулан дээш m. sternocleidomastoideus -ын төгсгөл рүү чиглүүлэн дүлий чимээ гартал тогшиход  хүзүүний VII нугаламын сэртэнгийн түвшинд  дүлий чимээ гарч тодорхойлогдоно.
Кренингийн талбайг тодорхойлохдоо дэвсгэр хурууг трапец хэлбэрийн булчингийн дунд перпендикуляр байрлуулаад эхлээд хүзүүрүү, дараа нь гадагш дүлий чимээ гартал тогшоод уртыг хэмжиж тодорхойлно. Эрүүл хүнд Кренингийн талбайн (уушгины оройн өргөн)  хэмжээ  5-8 см орчим байна. Уушги агаараар тэлэгдэх үед уушгины оройн өндөр ихсэж, Кренигийн талбай өргөсдөг бол фиброз, ателектазын үед багасдаг.
Уушги чагнах (auscultatio)  Босоо эсвэл суугаа байрлалд өвчтөнг хэвийн амьсгалуулж уушгины оройгоос эхлэж урд, хажуу, ар талын адил хэсгүүдэд чагнан амьсгалын шуугианы шинж чанарыг тодорхойлно. Хоёр гарыг цээжний өмнө зөрүүлж, толгойг бага зэрэг бөхийлгөн араас, толгойн ард салаавчлуулж хажуугаас (суганы шугамуудаар) чагнана. Ердийн үед хамраар амьсгалуулан чагнах ба шуугианыг тодруулахын тулд амаар нь амьсгалуулна. Чагнасан хэсэг бүрдээ амьсгалын мөчлөгийг 3-4 удаа сонсох хэрэгтэй.


Зураг 9. Уушги  харьцуулан  чагнах арга
Эрүүл хүнд хэвийн амьсгалын шуугиан: цулцангийн амьсгал ба гуурсан хоолойн амьсгал гэсэн хоёр амьсгалын чимээ  сонсогдоно. Хэвийн цулцангийн амьсгалын үед амьсгал авах нь гаргахаасаа арай тод сонсогдож, «ф» үсэг хэлэхэд гардаг авиатай төстэй дуу гарна.
Амьсгалын эрхтний өвчний үед цулцангийн ба гуурсан хоолойн амьсгал нь эмгэг байдлаар өөрчлөгддөнө. Цулцангийн амьсгал суларсан үед амьсгал авах ба гаргах үе нь хоёулаа богиносож, гаргах нь бараг сонсогдохгүй. Уушги агаараар тэлэгдэх үед цээжний хоёр талд амьсгал жигд сулардаг бол амьсгалын мэдрэл, булчингийн үрэвсэл, хэвлийн дотоод даралт ихсэх, хавирга хугарах, гялтангийн хуурай үрэвсэл, наалдац үүссэн бол зөвхөн  тэр хэсэг газраа амьсгал сул сонсогдоно. Цээжний гялтангийн хөндийд их хэмжээний хий, шингэн хуралдсан үед амьсгал эрс сулрах буюу огт сонсогдохгүй болно. Жижиг гуурсанцруудын тархмал бөглөрөлтөөс болж цулцанд агаар орох нь саатан, амьсгал гаргах нь хэвийн байхад авах нь тасалдана. Үүнийг тасалдсан амьсгал гэх бөгөөд их төлөв сүрьеэгийн нэвчилтийн үед зөвхөн тэр хэсэг газраа сонсогдоно.
Үрэвслийн улмаас гуурсан хоолой жигд биш нарийсан,  түүгээр өнгөрөх агаарын урсгалын хурд ихсэж, гуурсан хоолойгоор  хүчлэл ихтэй урсаснаас  ширүүссэн амьсгал үүснэ. Мөн уушгины голомтот үрэвслийн үед уушгины эдэд жижиг голомтот нэвчилт үүссэнээс ширүүн амьсгал сонсогдож болно. Ширүүссэн амьсгалыг сонсоход амьсгал авах ба гаргах нь хоёулаа тод сонсогдож, гаргах нь уртассан байдгаараа цулцангийн ба гуурсан хоолойн амьсгалын завсрын хэлбэр юм.
Гуурсан хоолойн амьсгал нь эрүүл хүнд цагаан мөгөөрсөн хоолойн бифуркаци буюу салаалж буй түвшин ба  төвөнх орчим сонсогдоно. Гуурсан хоолойн амьсгалын үед амьсгал гаргах нь авахаасаа арай илүү үргэлжилэн, тод сонсогдож, «х» үсэг хэлэхэд гардаг авиатай төстэй дуу гардаг. Цулцангийн амьсгал сонсогдох ёстой уушгины талбайд гуурсан хоолойн амьсгал сонсогдох нь уушгины хатгалгаа, ателектаз, инфаркт зэрэг өвчний үед уушгины эд нягтарч дуу дамжуулалт нь сайжирсантай холбоотой байдаг.
Гуурсан хоолойн амьсгалын нэг өвөрмөц хэлбэр нь хонгио буюу амфорын амьсгал юм. Уушгинд үүссэн том (d> 5см) хөндий нь гуурсан хоолойтой харьцаатай бол лонх үлээж байгаатай төстэй дуу, авиа гарна. Энэ нь уушгины сүрьеэ, буглааны үед тохиолдоно.
Амьсгалын эрхтний эмгэгийн үед хуурай, нойтон хэржигнүүр, шажигнуур, гялтангийн шүргэлдэх чимээ зэрэг амьсгалын дагавар шуугиан сонсогдоно.
Үрэвслийн улмаас гуурсан хоолойн салст бүрхүүл хөөж хавагнах, өтгөн цэр, салст хуралдах, гөлгөр булчин агших, хавдар болон томорсон тунгалгийн булчирхайгаар дарагдах зэргээс болж гуурсан хоолой нарийсан бөглөрснөөс хуурай хэржигнүүр үүсэж, амьсгал авах, гаргах үеийн аль алинд нь  сонсогдоно. Гуурсан хоолойн бөглөрөлтийн байрлал, түвшин, сонсогдох дуу, авианы өнгө, өндөр намаас шалтгаалан хэржигнүүрийг исгэрсэн, шунгинасан, дүнгэнэсэн  гэж  ангилна. Жижиг гуурсан хоолой, гуурсанцруудад бөглөрөлт үүссэн бол исгэрсэн, дунд зэргийн гуурсан хоолойд – шунгинасан, том гуурсан хоолойд – дүнгэнэсэн хуурай хэржигнүүр сонсогдоно. Хуурай хэржигнүүр нь ханиалгах, гүнзгий амьсгал авсны дараа арилах эсвээс тодорч болох боловч жижиг гуурсанцруудын гөлгөр булчин агшсан үед харьцангуй тогтвортой байдаг. Гуурсан хоолойд хуралдсан шингэний дундуур агаар ороход хийн бөмбөлөг үүсгэдэг. Энэ хийн бөмбөлөг хагарахад үүсэх дуу авиаг нойтон хэржигнүүр  гэх бөгөөд энэ нь амьсгал авах ба гаргахад үед хоёуланд нь сонсогдоно. Нойтон хэржигнүүр нь ханиалгасаны дараа түр хугацаанд арилаад буцаад сонсогдож болно. Нойтон хэржигнүүрийг жижиг, дунд, том цэврүүт гэж ангилна. Жижиг цэврүүт нойтон хэржигнүүр нь жижиг гуурсан хоолой, гуурсанцруудад үүсдэг бол, дунд ба том цэврүүт нь дунд, том гуурсан хоолойнууд ба уушгины хөндийд  (сүрьеэгийн каверен, буглаа, ГХТӨ гэх мэт) үүснэ.
Цулцангийн хөндийд бага хэмжээний (дүүрэн биш) шингэн хуралдсанаас амьсгал гаргахад цулцангуудын хана наалдаж, амьсгал авахад салахдаа үүсгэдэг дуу авиаг шажигнуур  гэнэ. Шажигнуур нь гүнзгий амьсгалахад тод сонсогдох бөгөөд чихнийхээ орчим үсээ имрэхэд үүсэх авиатай төстэй байна. Шажигнуур нь ханиалгасаны дараа шинж чанар нь өөрчлөгдөөгүй, тогтвортой зөвхөн амьсгал авалтын төгсгөлд сонсогддогоороо нойтон хэржигнүүрээс ялгагдана. Шажигнуур нь дэлбэнгийн хатгалгаа, уушгины хаван, шигдээс, цусны бага эргэлтийн зогсонгишлын үед сонсогдоно. Уушгины дэлбэнгийн хатгалгааны эхний үе шатанд цулцанд өнгөрт шүүдэс хуримтлагдан сурфактантыг гэмтээсэнээс эмгэгтэй хэсэгт шажигнуур сонсогдоно. Цулцан шүүдсээр дүүрч, уушгины эд нягтрахад шажигнуур нь жижиг цэврүүт нойтон хэржигнүүрээр солигдоно.
Хэвийн үед гялтангийн хөндийд  биеийн жингийн 1кг тутамд 0.3 мл орчим шингэн тархан байрлаж байдаг нь париеталь ба висцераль хальснуудыг чийглэн үрэлцүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлснээр амьсгалах үед ямар нэг чимээ сонсогддоггүй. Гялтангийн зарим эмгэгийн үед гадаргуу нь барзгар болж, хальснууд хоорондоо үрэлцэн өвөрмөц чимээ үүсгэдэг. Үүнийг гялтангийн шүргэлцэх чимээ гэх бөгөөд, хунгарласан цасан дээр явган явахад гардаг чимээтэй адил төстэй сонсогдоно. Гялтангийн хуурай үрэвслийн үед хальснууд дээр фибрин сууж, хуримтлагдан гадаргуу нь барзгар болсноос гялтангийн шүргэлцэх чимээ сонсогдоно. Чагнуураа цээжинд сайн дарж чагнахад гялтангийн шүргэлцэх чимээ нь илүү тодордог ба ханиалгасны дараа шинж чанар нь өөрчлөгдөөгүй. Амьсгалын бусад шуугиануудаас ялгахын тулд амьсгалаа гүнзгий аваад хамраа чимхэн, амаа жимийж өрц ба хавиргаараа амьсгалах буюу «хуурамч амьсгал»ын үед гялтангийн шүргэлцэх чимээ сонсогддог бол хэржигнүүр, шаржигнуур нь сонсогддоггүй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 13