О.Дашпагма: “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр хамгийн багадаа зургаан сар дархлаа тогтооно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцины дархлаажуулалт болон хадгалалтын талаар мэдээллийг өглөө.

Тэрээр “ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хэрэгжүүлэх дархлаажуулалтын 8 зорилтыг Монгол Улс бүрэн хангасан. Номхон далайн баруун бүсэд нийт 37 улс орон байдгаас дархлаажуулалтаараа манай улс тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Манай улс дархлаажуулалтын бие даасан хуультай. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Бид Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг иргэддээ хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Эхний ээлжид коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. Тухайлбал, эхний зорилтод бүлгийг COVAX хөтөлбөрөөр авах вакциныг төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56047 ажилтанд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын 52750 төрийн албан хаагчид, 50-аас дээш насны 583545 иргэнийг тус тус хамруулах юм. Дараагийн зорилтод бүлэг нийт 40 хувь хамруулах бөгөөд үүнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй 23081 иргэн

-Архаг хууч өвчтэй 276937 иргэн

-Дайчлагдан ажиллах 65937 иргэн

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгж байгууллагын 329687 иргэн

-Нийгмийн туслах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай хүн ам /ядуу/ 313202 иргэн

-Их дээд сургуулиудын 69234 багш нарыг хамруулна.

Вакцины хадгалалт

Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадавх манай улсын хувьд гурван төвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж байна. Үндсэн бидний дархлаажуулалтын тогтолцоонд хэрэглэдэг хоёр төрлийн тоног төхөөрөмж байдаг. Энэ нь +2-8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн байна. Шинээр бүтээгдэж байгаа -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэнд буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндэсний төвд байрлуулах зориулалттай таван ширхэг 388 литрийн багтаамжтай хөргөгчийг байрлуулсан. Үндсэндээ дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн.

Вакцин түгээлт, хүргэлт

Вакциныг түгээх, хадгалах, вакцинжуулах үйл ажиллагааг одоогийн дархлаажуулалтын тогтолцоонд тулгуурлана. Манай улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгжүүд ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажил зохион байгуулагддаг. Коронавируст халдварын үед салбар хоорондын оролцоотойгоор вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тул бусад салбар чиг үүргийнхээ дагуу ажиллана. Тээвэрлэлтийн үе болон дархлаажуулалтын нэгж цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллана. ХӨСҮТ-ийн Үндэсний төв агуулахаас Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүд ирж вакцинаа хүлээж авна. Анхан шатны, аймаг дүүргийн нэгжүүд вакцинд зориулагдсан мөсөн ханатай хөргөгч бүхий зөөвөрлөх, тээвэрлэх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Вакцинжуулах стратеги

Вакцинжуулалтын стратегийг бид дархлаажуулалтын байнгын цэг буюу дээр хэлсэн 548 цэг дээр түшиглэж үйл ажиллагааг зохион байгуулна.

Дархлаажуулах байнгын цэг байрны орчин нөхцөлийн хувьд зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай өрөө, тасалгаа, анги, танхим, урлаг, спортын танхим болон сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж зохион байгуулахаар төлөвлөсөн. Байнгын цэг дээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэд, бусад зорилтод бүлгийн хүн амыг вакцинжуулна.

Дархлаажуулалтын түр цэгийг дархлаажуулалтын нэгжгүй газрууд дээр түр цэгийг байрлуулна.

Явуулын багыг хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн ам дээр ажиллуулна. Зорилтот бүлгийн хүн амаас шалтгаалан тухайн нэгжид хэдэн хүн ажиллах тоог тогтоосон. Нэг нэгжид хамгийн багадаа 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Улс орнуудад “COVID-19″-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа.  Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог.

Цар тахлын эсрэг вакцин богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг 5, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичсэнээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтоно, гэхдээ судлагдаж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, COVID-19-ийн эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна. Вакцинжуулалт эхлэхтэй зэрэгцэн эрдэм шинжилгээний судалгааг хийнэ. Нэгдүгээрт тухайн вакцины дархлаа тогтцын судалгааг хийнэ. COVID-19-ийн вакциныг шинээр нэвтрүүлж буй учраас бүх вакцины хариу урвал, гаж нөлөөг заавал тандана. Хэрвээ гаж нөлөө гарсан тохиолдолд тогтолцоон дээр тулгуурлан шалтгаан хамаарлыг тогтооно. Энэ чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэсэн.

Вакцины онцлогуудаас дурдвал нэгдүгээрт, хувь хүний дархлаатай ихээхэн холбоотой. Хоёрдугаарт, вакциныг заасан хугацаанд хийлгэх нь дархлаа тогтоох чанар их нөлөөлнө. Гуравдугаарт, хадгалалт, тээвэрлэлт горимын дагуу зөв явагдсанаар тухайн хүнд дархлаа тогтоох боломжтой” гэлээ.

Itoim.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК