ЭМЯ: Нийт 32 хүнээс коронавирус илэрч, үүний дөрөв нь хүн амын дундаас илэрлээ

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.01.30-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод коронавирус илэрсэн байна.

-Шинээр илэрсэн тохиолдлууд нь ихэнх нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бөгөөд тусгаарлах байранд байсан иргэдээс илэрчээ. Харин Интермед мед эмнэлэг дээр сайн дураараа шинжилгээ хийлгэхээр ирсэн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Мөн өчигдөр шөнө Интермед эмнэлэгт яаралтай ирж үзүүлж, коронавирусийн халдар авсан нь батлагдсан иргэний биеийн байдал хүнд, амьсгалын аппаратад байна. Тус иргэн халдвар аваад гэртээ нэлээд удсан байна.

-Дорноговь аймагт замын ажил хийхээр очсон хүмүүсээс нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Одоо PCR шинжилгээний сорьцыг Улаанбаатарт авчирч байна.

-Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэний гэр бүлийн хавьтал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар ажилладаг байсан. Нийт найман хүүхэд багш ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүүхэд, нэг багшаас халдвар илэрсэн байна. Тус асрамжийн газрын халдвар илрээгүй хүүхдүүдийг багштай нь хамт тусгаарлах байранд хүргэж тандаж байгаа аж. Улаанбаатарт Х апартмент, Микс пицца, Наркологийн төв эмнэлгээс үүдэлтэй халдварын тархалт идэвхжил өндөр байна.

Ер нь хүн амын дунд хийсэн шинжилгээнээс коронавирус илэрч байгаа учраас иргэд та маш болгоомжтой, шаардлагагүй бол гадуур гарахгүй, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол  908 болсон байна. Сүүлийн 24 цагт Яармагийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Монгол Улсын хэмжээнд нийт 1742 олсноос 1321 хүн эдгэрч, одоо ХӨСҮТ-Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт 408 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 353, хүндэвтэр 53, хүнд нэг байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК