Ковид-19 (covid-19) вирусийн талаар

Вирусийн гаралтай халдварт өвчнүүд олширч, өнөөдөр хүн төрөлхтөн Коронавирус гэгч вирусийн эрхэнд орох дөхөж улс орнууд хилээ хааж, хүн төрөлхтний хөгжил чөдөрлөгдөж, улс орны байтугай дэлхий эдийн засаг эргэлтгүй болж, гэр бүл хаалга үүдээ барьж, хүн ёсны харьцаа үгүй болох дөхөж, хувь хүний амьдралын хэмнэл алдагдахад хүрч байна. Бидний нүдэнд үл үзэгдэх өчүүхэн тэр вирус юу гэгч вэ, вирус дотроо коронавирус гэж чухам юу юм бол гэдэг талаар товчхон судалцгаая.
Вирус хоёр хэсгээс бүрддэг байна. Нэг хэсэг нь генетикийн материал /геном/ буюу өөрийгөө олшруулах команд агуулсан дезоксирибонуклеотидын хүчил /ДНХ/, рибонуклеотидын хүчил /РНХ/. Нөгөө хэсэг нь генетикийн материалыг хамгаалдаг бас зарим тохиолдолд хүлээн авагч эстэй холбогдоход оролцдог гадна талын бүрхүүл. Хэрэв вирус ямар нэг амьд эстэй холбогдвол ДНХ, РНХ нь эсийн дотор ормогцоо уг эсийг ашиглан шинээр өөрийгөө хуулбарлан олшруулж эхэлдэг. Шинэ вирусүүд дахиж эргэн тойрны эсүүд рүүгээ халдварлана. Энэ цааш тасралтгүй үргэлжлэх бөгөөд нэг бол уг биет вирусийг дийлнэ эсвэл вирус уг биетийг үхүүлдэг. Вирус нь амьтан, ургамлаас эхлээд бактери, мөөгөнцөр, замаг, археа зэрэг амьдралын бүх хэлбэрт халдварлаж чаддаг.

Вирус нь маш жижиг, бактериас 100 дахин бага буюу ойролцоогоор 100 нанометрийн хэмжээтэй байдаг учраас энгийн микроскопоор харах боломжгүй, тиймээс анхны вирусийг 1890-ээд онд нээснээс хойш 33 жилийн дараа вирусийн анхны зургийг электрон микроскопын тусламжтайгаар авч байжээ. Дотроо ямар генетикийн материал агуулж байгаагаар нь ДНХ вирус ба РНХ вирус гэж хоёр ангилдаг. Жишээлбэл ханиадны вирус/rhinovirus/, томууны вирус /influenzavirus/, коронавирус /coronavirus/, эболавирус /ebolavirus/ РНХ агуулдаг байхад герпес вирус /herpesvirus/, папиллома вирус /papillomavirus/, аденовирус /adenovirus/ ДНХ агуулдаг. Амьд эсэд орсон РНХ вирус уг эсийн бөөм руу нэвтрэхгүйгээр цитоплазм доторх уураг нийлэгжүүлэх механизмыг ашиглан шууд өөрийгөө хуулбарлаж олширч эхэлдэг. ДНХ вирус бол эхлээд амьд эсийн мембраныг дараа нь бөөмийг нь нэвтэлж орж байж хуулбарлаж эхэлдэг байна. Үржиж олширсон вирусүүд нь эсээс гадагшлахдаа эсийн үйл ажиллагааг алдагдуулж үхүүлдэг эсвэл уг эсийг хавдрын эс болгож хувиргадаг. Зарим вирус эсэд халдварласныхаа дараа идэвхжихгүй хэдэн өдөр, сар, жилээр ч байж болдог.

Вирусийн онцлогоос хамаарч тархалт олон янз байдаг. Ямар замаар халдварлах нь вирусийн гадна бүрхүүл дээр байрлах холбогч уураг хүн эсвэл бусад амьд биетийн эсийн мембранд байрлах ямар уурагтай холбогдох чадвартай байхаас хамаардаг. Жишээлбэл галзуу өвчнийг үүсгэгч лиссавирус чоно, нохой, сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд дамжин халдварладаг. Томуугийн вирус нь агаар дуслын замаар буюу өвчтэй хүнийг ханиаж найтаахад агаарт дэгдэж өөр хүний уушгинд нэвтэрч тархдаг. Суулгалт үүсгэдэг норовирус ба ротавирус нь өтгөн-амны замаар буюу халдварлагдсан хоол хүнс, усаар тархдаг. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ парэнтераль замаар буюу бэлгийн хавьтал, цусан бүтээгдэхүүнээр дамжиж тархдаг.

Вирус нь ханиад, томуу, салхин цэцэг, ДОХ, галзуу, герпес, улаан бурхан зэрэг олон өвчний үүсгэгч болдог. Эдгээр өвчнүүд хүний биеийн эрхтэн тогтолцоог гэмтээж үрэвсэл, халууралт, үхэлд хүргэдэг цочмог халдварт өвчнүүд юм. Ихэнх вирусийн шалтгаант үрэвсэл өндөр халууралт, амьсгалын дутагдал, суулгалт, толгой өвдөлт, ядралт зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Гоц халдварт хоруу чанар ихтэй өвчнүүд жишээ нь цагаан цэцэг өвчин дэгдэж олон хүний аминд хүрч байсныг Мисир, Энэтхэг, Хятад, Ром, Япон, Монгол зэрэг улсуудын түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Жишээ нь: 68 мянган жилийн өмнөөс тархсан цагаан цэцэг өвчнөөр 25 орчим сая хүн, 5 мянган жилийн өмнөөс тархсан тарваган тахал өвчнөөр 300 сая гаруй хүн, 2.4 мянган жилийн өмнөөс тэмдэглэгдсэн томуугаар 100 гаруй сая хүн, 1981 онд тодорхойлогдсон ДОХ-оор 32 гаруй сая хүн нас барсан мэдээлэл байдаг.
Тэгвэл өнөөдөр цар тахлын хэмжээнд хүрээд байгаа Коронавирус буюу КОВИД-19 вирус яг ямар вирус вэ гэдэг сонин байгаа байх. КОВИД-19 вирус нь эерэг чиглэлт дан утаслаг РНХ агуулсан бүлэг вирус юм. 1960 –аад оноос хүний биед улирлын чанартай амьсгалын замын хөнгөн халдвар (хамрын ханиад) үүсгэдэг 4 омгийн HCoV-229E, HCoV-NL63, HCoV-HKU1 HCoV-OC43 коронавирус байдаг нь мэдэгдсэн. Хүний биед амьсгалын замын хүнд халдвар (уушгины хатгаа өвчин) үүсгэгч SARS-CoV MERS-CoV омгууд 2002, 2012 онуудад олон хүн ам, бүс нутгуудыг хамарсан дэгдэлтүүд үүсгэж байсан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн БНХАУ–д анх хүний биед амьсгалын замын хүнд халдвар (уушгины хатгаа өвчин) үүсгэгч Шинэ коронавирус буюу SARS-CoV-2 омгийн халдвар дэгдэж, одоогийн байдлаар дэлхийн 185 орны нийт 2,495,374 хүнийг хамарч 171,065 хүний амь насанд хүрсэн аюулт цар тахлын хэмжээнд хүрээд байна.

SARS-CoV-тай харьцуулахад SARS-CoV-2-ын хувьд S уураг нь АЦЕ2 урхитай илүү бат бөх холбогдож байгаа нь тогтоогдсон учир хурдан халдвар тархах нөхцөл болж байна. SARS-CoV-2 нь хүний эсийн дотор нэвтрэн орсны дараа вирусний цөмд байгаа РНХ эсийн РНХ-тэй гинжин урвалд орон маш олон тооны вирусийн РНХ үүсгээд дараа нь эс доторх молекулуудын тусламжтай вирусийг үйлдвэрлэж эхэлдэг. Вирус олон тоогоор үржсэнээр тухайн эсийг үхүүлж улмаар эд эрхтнийг ажиллагаагүй болгодог байна.

Халдвар тархаж эхэлж байх эхний үед хуурай ханиах, халуурах зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд түлхүү илэрч амьсгалын эрхтэн тогтолцооны дутагдалд хүрч улмаар бүхий л эрхтэн тогтолцооны алдагдлын шинж тэмдгүүд нэмэгдэн илрэх болсон. Насны хувьд наяаас дээш насны хүмүүс эндэж байсан бол одоо гучаас дээш насны бүүр нярай хүүхдэд ч халдварлаж эндэж эхэлж байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өртөж байсан бол хүйсийн ялгаа бараг үгүй болж байна. Иймд оношлогооны асуудалд хүндрэл гарч олон давтамжтай оношлох, дахин халдвар авах, өөр бусад өвчний улмаас нас барсан хүмүүсийн задлан шинжилгээгээр коронавирус илэрч байна.

Коронавирусийн оношлогоонд цээжний рентген зураг, цээжний компьютер томографи, лабораторийн шинжилгээнд бодит цагийн полимеразын гинжин урвал-БЦПГУ (RT-PCR)-ыг хэрэглэдэг. БЦПГУ нь вирусийн РНХ–г олон дахин хувилан олшруулж, хувилсан РНХ–н тоо хэмжээг шууд гаргаж ирдэг маш хурдтай, маш өвөрмөц, маш мэдрэг шинжилгээний арга тул коронавирусийн РНХ-ийн кодыг уншуулж тодорхойлж байна. Түүнчлэн үүсгэгчийн хувьслыг тодорхойлоход генийн дараалал /gene sequencing/ тогтоох шинжилгээ хийдэг байна.

Дэлхий нийтийн эрдэмтэд эмчилгээний аргыг эрчимтэй хайж байна. Баталгаатай арга байхгүй байгаа ч фавипиравир, ремдесивир, калетра зэрэг вирусийн эсрэг үйлчилгээтэй эмүүд, гидроксихлороквин гэдэг хумхаагийн эсрэг эм, тосилизумаб гэдэг үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүд эерэг нөлөөтэй байж болзошгүй байна. Өвчлөөд эдгэрсэн өвчтөнүүдийн цусанд уг вирусийн эсрэг үүссэн дархлааны эсрэг биеийг ашигласан эмүүд туршилтын шатанд байна. Өөр нэг дэвшилтэт эмчилгээний арга бол генийн инженерчлэл ашигладаг CRISPR зэрэг арга нээгдсэн байгаа юм. Үүнийг ойлгохын тулд бага зэрэг генетик сонирхох хэрэгтэй болно. CRISPR-CAS систем гэдэг нь clustered regularly interspaced short palindromic repeats- CRISPR-associated protein гэдэг үгнүүдийн товчлол бөгөөд вирусээс өөрийгөө хамгаалах бактерийн дархлааны систем юм. Өөрөөр хэлбэл бактерид халдварлаж чаддаг бактериофаг зэрэг вирусийн геномыг эсийн дотор хуулбарлагдахаас нь өмнө таньж задалж чаддаг шат дараалсан процесс юм. Энэ системийг ашиглаж дурын эс дотор генийн өөрчлөлт хийж болдог аргыг 2013 онд нээж маш олон амжилттай туршилтууд хийгдэж байна. Жишээ нь 2020 оны 2-р сард CRISPR-CAS системийг ашиглан шинэ коронавирусийг 30 минутад оношлодог арга нээснээ Маммот Биосайнс компани зарласан. Энэ нь ердийн RT-PCR хэрэглэж 6 цагийн дотор оношлодог аргатай харьцуулахад хамаагүй богино хугацаанд найдвартай оношлодог учраас онгоцны буудал, хилийн боомт, яаралтай тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэж эхэлж байна. Бүр 3 секундэд оношлох цомог бүтээсэн гэдгээ Японы нэг компани мэдэгдсэн.

Хамгийн үр дүнтэй байж болох энэ эмчилгээний хувилбарыг Станфордын их сургуулийн эрдэмтэд анх гаргахдаа cas13d энзимийг ашиглан шинэ коронавирусийн популяцийн ерэн хувийг устгах боломжтойг эсийн өсгөврийн судалгаагаараа тогтоосон. Гэхдээ энэ судалгаагаар хүний уушгины эсэд уг системийг хүргэх аргыг тодорхойлоогүй байна. Харин саяхан Харвардын их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусийн хуулбарлалтыг хариуцдаг генүүдийг /ORF1, S/ болон өвөрмөц арван пептидийн генийг сонгомлоор олж устгадаг CRISPR-CAS13D системийг зохиосон гэдгээ хоёрдугаар сарын 18-нд зарласан байна. Энэ эмчилгээг хэрэглэхэд хүний эсийн геномд өөрчлөлт гарах ёсгүй бөгөөд үүнийг шалгахдаа уушгины эсийн геномын дарааллыг эрүүл ба өвчтэй хүн дээр харьцуулж байж гаргадаг. Гэхдээ энэ эмчилгээ нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулсан эмчилгээ байх бөгөөд тэдний уушгины эд эсэд уг системийг хүргэхийн тулд хоруу чанаргүй синтетик аденовирусийг хэрэглэнэ гэдгээ тайлбарлажээ. Одоо энэ эмчилгээний арга туршилтын шатандаа явж байна.

Үүнээс гадна уг вирусийг хүний биед халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилготой вакцин гаргаж авах нь маш чухал. Яг одоо Герман, АНУ, БНХАУ-ын хэд хэдэн компани РНХ, ДНХ ашигладаг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд төгс үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ёстой учраас цаг хугацаа шаардагдаж байна. Үүнээс гадна коронавирус нь РНХ вирус учир маш хурдан мутацид ордог учраас вакцин гаргахад хүндрэл учруулж байгаа юм. КОВИД-19 цар тахал ид дэгдэж байгаа энэ үед уг вирусийн эсрэг вакцин гаргаж авахад дор хаяж 12 сар шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь уг вирусийн геномын дараалал, өсгөвөрлөл, дархлааны хариу урвал, патогенезийг судлах, тохирох вакцины хэв шинжийг олох, эсийн өсгөвөр ба лабораторийн амьтан дээр турших, хүн дээр эмнэлзүйн туршилт хийж баталгаажуулах, үйлдвэрлэх, түгээх зэрэг дэс дараалсан нарийн үйлдлүүдийг зөв зохион байгуулах шаардлагатай байдагтай холбоотой. Баталгаатай эмчилгээ, вакцин гартал хүн өөрийн зүгээс халдвар авахгүй байх бүхий л арга хэмжээгээ авч тэвчээртэй хүлээж, Төр засгийн шийдвэрийг чанд биелүүлэх үлдэж байна.

Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК