Э.Дөлгөөн: Хүнс эрүүл бол хүн эрүүл байна

Бид таныг Зэвсэгт хүчинд малын их эмчээр ажилладаг нэгэн бүсгүйтэй “уулзуулах” гэж байна. Тэр миний харж байгаагаар бол Зэвсэгт хүчний малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах үйлсэд хүчин зүтгэж байгаа цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн малын их эмч Э.Дөлгөөнтэй ярилцснаа хүргэе.

– Бүсгүй хүн малын суурь “хэсэж”, мал амьтанд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг гэхээр их сонирхолтой санагдаж байна.  Яагаад энэ мэргэжлийг сонгох болов гэдгээс ярилцлагаа эхлүүлье…

– Намайг Эрдэнэбилэгийн Дөлгөөн гэдэг, 30 настай. Нийслэл хотын унаган иргэн.  2007-2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Малын эмч болсон нь  бага насны минь хүсэл сонирхолтой холбоотой.  Багадаа олон төрлийн амьтан тэжээдэг байсан. Ялангуяа, загас. Тэдэндээ тун чиг хайртай.  Тэгээд нөгөө тэжээсэн амьтад маань байгалийн эрхээр болон бусад шалтгаанаар үхэхэд нь тэрүүхэндээ л гуниглаж, учир шалтгааныг олох сон гэж хүсдэг байсан нь малын эмч болох шалтгаан болсон. Хоёрдугаарт, миний аав цэргийн хүн байсан болохоор охинд нь энэ салбар их ойр дотно санагдаж, Зэвсэгт хүчний малын их эмч болсон минь энэ.

– Зэвсэгт хүчин хэмээх энэ их айлын малын эмчээр хэзээ орсон бэ?

– Зэвсэгт хүчний ар талын материал хангалтын төв бааз болсон Зэвсэгт хүчний 310 дугаар ангидаа 2014 оноос хойш малын их эмчээр ажиллаж байна. Манай анги Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг зохион байгуулдаг бөгөөд тэр хэмжээгээр ундарсан их ажилтай хамт олон. Халуун дулаан уур амьсгалтай, хүчирхэг хамт олныхоо дунд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг шүү. Хамт олон маань миний ажлыг ч их ойлгодог юм. Зуд турхантай жилд “Малчиддаа тусалъя” аян өрнүүлэхэд бүх талаар дэмжинэ. Малын их эмч хүн мал амьтнаас гадна малчны сэтгэл санааг  ч давхар эмчлэх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл малчид өвлийн хүйтэн, зуны халуунд арай гэж өсгөж үржүүлсэн малаа алдчихвал сэтгэл санаа нь тогтворгүй болчихдог талтай. Тэгэхээр тэднийг тайвшруулах нь малын эмч хүний үүрэг. Би мэргэжилдээ маш их хайртай. Малын эмч бол хүн төрөлхтөний эмч гэгддэг. Яагаад гэхээр хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинд тохиолдож буй хүний өвчний 60 гаруй нь жилд дунджаар 5 өвчин шинээр бүртгэгдэж байгаагийн 3 нь мал амьтнаас гаралтай өвчин байгаа юм. Энэ утгаараа хүн амын хүнсний эх үүсвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн үнэт түүхий эдийн нөөц баялаг болсон мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах нөр их ажил буюу малын эмч хүний үндсэн үүргийн нэг нь малаас гаралтай өвчин, эмгэгээс хүний эрүүл мэндийг шууд бус утгаараа хамгаалах явдал юм. Малын эмчийн ажлын үр дүнгийн гол шалгуур нь хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бөгөөд  сэтгэлгээний зөв үйлдэл, эмчилгээ заслын сайн дадлагатай байх ёстой.

– Тийм байна…

– Малын эмч хүний бас нэг онцлог нь хөрвөх чадвартай байх ёстой. Эрдэм шинжилгээний байгууллага, салбар хариуцсан яам, хил, гаалийн байгууллага гээд олон газарт ажиллахад хөрвөх чадвартай байх ёстой. Нөгөө талаас өвчилсөн мал амьтныг тариад л эдгэчихдэггүй юм. Малчны арчилгаа, тордлого, хэвтэр бууц, тэжээл хүнс гээд олон зүйл нөлөөлнө шүү дээ. Мэдээж мал гэдэг хүн биш учраас үзлэг хийж, тариа тарих гэхээр тийрч унагаах нь энүүхэнд.  Одоо ч дассан даа, унасан ч тоохгүй.

-Та өнгөрсөн жил “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд малын эмчээр томилогдож ажилласан. Монгол адууны тэсвэр тэвчээрийг тэгэхэд л хамгийн мэдэрсэн шүү…

– 2018 оны туршилтын тэмцээн, 2019 оны олон улсын уралдаан хоёуланд нь малын эмчээр ажилласан. Адуу гэдэг үнэхээр гайхамшигтай амьтан. Эзэндээ маш их хайртай. Нутаг амьтай. Баяр жаргал, зовлон гунигийн үед яг л хүн шиг уйлдаг. Миний хувьд “Аравт” уралдааны явцад Киргизстан улсын баг тамирчдын морьдын арчилгааг хариуцсан. Киргизстаны тамирчид адуутай харилцах өндөр соёлтой, хол, ойрын замд хэрхэн хайрлахаа мэддэг нь надад их таалагдсан.

– Зэвсэгт хүчний эзэмшлийн мал амьтны эрүүл ахуйн талаар сонирхвол…

– Зэвсэгт хүчний 310 дугаар анги болон бусад ангид малын эмчээр олон жил ажиллаж байгаа дадлага туршлагатай олон мундаг хүмүүс бий. Тэдгээр малын эмч нарын ач буянаар Зэвсэгт хүчний мал ахуй хэзээд эрүүл байдаг юм. Элдэв халдвараас  урьдчилан сэргийлж вакцин, туулгалтыг цаг тухайд нь тогтмол хийж байна. Нөгөө талаас манай Зэвсэгт хүчний малчдын маллагаа их сайн шүү. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэгддэг шүү дээ. Малчин хүний ухаан, арчилгаа сайн бол мал амьтан өвчлөх нь ч ховор. Ер нь тэгээд монголчуудын таван хошуу малаа маллах ухаан үнэхээр агуу шүү дээ.

 

Эх сурвалж: ЗХЖШ

Ахлах дэслэгч Д.Болормаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Deprecated: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home/admin/web/emch.mn/public_html/wp-includes/functions.php on line 4713

Notice: Undefined index: commentator_user_profile in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/plugins/commentator/php/commentator-template.php on line 62

Холбоотой мэдээ


Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Notice: Undefined variable: parent_post_id in /home/admin/web/emch.mn/public_html/wp-content/themes/emch/single.php on line 34

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК