​Э.Отгонцэцэг: Өдөрт 20-30 хүүхэд тусламжийн төвийн 108 утсанд ханддаг

Гэр бүл бол хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин. Гэтэл инээд хөөр, баяр баяслаар дүүрэн халуун, дулаан гэрт, элэг бүтэн байх нь хүүхдүүдийн хүсэл болж хувирчээ. Балга дарсны амтанд умбан яваа эцэг, эхчүүд, хариуцлагаа умартан энхрий үрсээ орхисноос олон хүүхэд ганцаардал, айдас дунд амьдарсаар байна. Зарим нь эцэг эхийнхээ буруутай үйлдлийн золиос болж, харамсалтайгаар амь насаа алдсаар. Хэдий Монголын бүх хүүхдүүд ингэж амьдраагүй ч хүн амын тал хувийг эзлэх 0-18 насны хүүхдээс 5000 нь нэн яаралтай хамгаалагдах хэрэгтэй байгаа талаар судалгаа гарчээ. Эцэг эхдээ зодуулах, хаягдах болсон учир шалтгаанаа ч мэдэхгүй, өвдөж байгаагаа ч илэрхийлж чадахгүй харгис хүмүүсийн гарт аз жаргалаа үгүй хийлгэж байгаа нь юутай харамсалтай.

Хамгийн сүүлийн үед гарсан харамсалтай хэргүүдийг эргэн сануулбал,

Баримт 1: Хэнтий аймгийн Хэрлэн суманд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хойд эцэг нь хоёр настай хүү болон түүний дүү ой гурван сартай хүүхдүүдээ  шөнөжин зодсоны улмаас том хүү амиа алджээ. Хэрэг үйлдсэн этгээд хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр 2013, 2015, 2017, 2018 онд ял эдэлж байгаад өнгөрөгч зургадугаар сарын 24-ны өдөр тэнсэнгээр суллагдсан байсан аж. Энэ мэт хойд эцэг эх нь сэтгэл санаа, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртдөг тохиолдлоор “Хүүхдийн тусламжийн утас 108 төв”-д хандах хүүхдүүд болон сайн санаат хөршүүд холбогдож, мэдээлэл өгдөг гэнэ.

Баримт 2: Энэ сарын 4-нд Дорнод аймгийн Хэрлэн сумд хоёр настай хүү 19 цаг гэртээ ганцаараа байж, осгож үхэхийн даваан дээр хөрш нь хамгаалах газарт хандсанаар эмнэлгийн тусламж авч амь гарчээ. Хүүг ээж нь эмээд нь үлдээгээд хөдөө ажлаар явсан хойгуур эгч нь гэртээ аваачсан байна. Харин хүүг харж хандах ёстой эгч найзтайгаа уулзаж, архи ууж, тухайн өдөр гэртээ хариагүй байх юм.

Баримт 3: Баянзүрх дүүргийн XI хороонд ой нэг сартай бяцхан хүү гэрийнхээ устай саванд толгойгоороо унаж, нас баржээ.

Сэтгэл санаа, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асран хамгаалагчийн дийлэнх нь архины хамааралтай, эсвэл хойд эцэг, эх нь тусламж хүч чадахгүй бяцхан үрсийн алгын чинээ зүрхийг нь зогсоож, айдсаар дүүргэсэн байдаг гэнэ. Хүүхдийн хүчирхийлэл, эрхийг нь зөрчсөн асуудлыг “Хүүхдийн тусламжийн утас 108 төв”-д мэдээлдэг болоод дөрвөн жилийн нүүр үзэж байгаа билээ.

Тиймээс тус төв өнгөрөгч онд хэчнээн дуудлага ирсэн болохыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн утас 108, түр хамгаалах байр хариуцсан мэргэжилтэн Э.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Өнгөрсөн онд хүүхдийн тусламжийн утсан хэчнээн дуудлага ирсэн бэ?

2019 оны байдлаар 3825 дуудлага мэдээлэл ирснээс өндөр эрсдэлтэй нь 2315, дунд эрсдэлтэй нь 598, бага эрсдэлтэй нь 458 байна. Мөн нийт 2017 дуудлага, мэдээллийн хэрэг, асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Харин хяналтад авч ажиллаж байгаа 1710 дуудлага байна. Өдөрт дунджаар есөн дүүргийн хэмжээнд 20-30 дуудлага ирдгээс ихэнх нь үл хайхрах, хүчирхийлэлтэй холбоотой байдаг бөгөөд нийт 651 дуудлага ирсэн байгаа юм. Үүний дараагаар сэтгэл санааны хүчирхийлэлд 145, бие махбодын хүчирхийлэлд 149, бэлгийн хүчирхийлэл  64 гарсан. Мөн гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг хамгаалалтад авахыг зөвлөж, холбогдсон иргэдийн дуудлага 112, амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлыг мэдээлсэн дуудлага 80 байна.

-1710 дуудлага нь ямар шалтгааны улмаас удаан хугацаанд хянаж, шалгагдаж байгаа вэ?

Эдгээр дуудлага нь өндөр эрсдэлтэйд тооцогддог бөгөөд урт хугацааны хяналт, шалгалт, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг юм. Дүүргийн хэлтэс, хороодын хамтарсан баг, цагдаагийн байгууллага гээд хүчирхийллийн хэлбэрээс шалтгаалаад асуудлыг нарийн тодруулах хэрэгтэй болдог.

-Ихэвчлэн охидууд өөрт тохиолдсон зүйлээ илэн далангүй хэлж ханддаг юм шиг санагддаг. 108-д дуудлага өгч байгаа хүүхдүүдийг ажиглахад хэдэн насны ямар хүүхдүүд их холбогддог вэ?

-Ер нь бол эрэгтэй, эмэгтэй харгалзахгүй дуудлага өгдөг бөгөөд ихэвчлэн 13-аас дээш насны хүүхдүүд ярьдаг. Харин түүнээс бага насны хүүхдүүдийн мэдээллийг хөрш болон хөндлөнгийн иргэд харж, мэдээлдэг юм.

-Сэтгэл зүйл зөвлөгөө авахаар ханддаг хүүхдүүд ямар асуудлаар холбогддог вэ?

Сургуулийн орчин болон гэр бүлд болсон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд холбогдоод зөвлөгөө авах тохиолдол байгаа.  Манайд мэдээлэл ирсэн л бол заавал араас нь явж шалгаж, эргээд хариу хэлж, уялдаа холбоотой ажиллаж байгаа нь хүчирхийлэлд өртөх тохиолдлыг бууруулдаг гэж боддог. Гэхдээ нийт ирж байгаа дуудлагыг хянаж, шалгахад эцэг, эхчүүд нь архины хамааралтай, эсвэл хойд эцэг, эх байдаг нь хүүхдийг хүчирхийллийн золиос болгож байна. Энэ төрлийн дуудлага нийт дуудлагын найман хувийг эзэлдэг.

Хүүхдийг тусламжийн төвд хандах хүртэл нь тарчлаан зовоож байгаа адгууслаг шинжтэй эцэг, эхчүүд архи хэмээх гашуун дарсанд умбаж байхад золиос болж суугаа хүүхдүүд гашуун нулимсаар гансарч байх юм. Хэдийгээр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх төвүүд цөөнгүй байгаа ч, гэртээ байх шиг жаргалыг мэдэрч чадахгүй. Хариуцлагаа умартдаг эцэг, эхчүүдийн тоог бууруулж, гэрлэлтээ баталгаажуулахаас өмнө гэр бүл төлөвлөлт, хариуцлага, дүрэм журмыг ойлгодог байхыг зааж сургах хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК