​Б.Эрдэнэбулган: Хавдрын үсэрхийллийг тогтоож, эрт үед нь илрүүлж, эмчлэх тасаг удахгүй нээгдэнэ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд тэр үеэс хойш даруй таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг төвийн үйл ажиллагаа хэрхэн жигдэрч, иргэдэд ямар үйлчилгээг үзүүлж байгаа талаар тус төвийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-“Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн үйл ажиллагаа бүрэн жигдэрсэн үү?

-“Үндэсний оношилгоо эмчилгээний төв” Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд “Мон-8” төслийн хүрээнд байгуулагдан долдугаар сарын 5-д нээлтээ хийсэн билээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр 50 гаруй ам.доллароор бүтсэн төвийн барилгын ажил дууссан ч барилга байгууламжийг хүлээн авах, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг хүлээн авах, зөвшөөрөл өгөх, ажиллах хүчинг хувиарлах, бэлдэх гэх мэт ажлыг хийсээр арванхоёрдугаар сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо үйл ажиллагаа эхлээгүй байгаа ганцхан хэсэг байгаа. Энэ нь PET-CT буюу позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ хийж, хавдрын үсэрхийлэл тогтоодог оношилгооны тасаг юм. Манай үйл ажиллагаа 95 хувьтай явж байна гэж тодорхойлж болно.

-Үйл ажиллагаа нээгдээгүй байгаа тасаг хэзээнээс нээгдэх бол?

-Хоёрдугаар сараас нээхээр төлөвлөсөн байгаа.

-Он гарснаар хорт хавдрын эрт илрүүлэгт нэг удаа үнэгүй хамрагдах боломжтой болсон шүү дээ. Танай эмнэлэгт хандаж болох уу?

-Манайх сайдын тушаалын хүрээнд дүрс оношилгооны лавлагаа улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр хууль  журам нь бүрдэх юм бол аль болох эмнэлэгтээ иргэдэд чиглэсэн тэрхүү үйлчилгээг хэрэгжүүлэх аргыг хайх болно. Гэхдээ оношлоход төвөгтэй хавдрыг манай эмнэлэгт шинжлүүлэн ялган оношилдог тогтолцоог бүрдүүлэх нь эмчилгээний ажлыг хурдан шуурхай, цаг алдалгүй гүйцэтгэхэд хялбар болно. Үгүй бол эхний шатны механик ажлыг үндэсний оношилгоо, эмчилгээний төвд хийвэл ачаалал үүсгэх нь бид хавдартай хүмүүстээ цаг гаргаж, үе шатыг нь тогтоож чадахгүйд хүргэх эрсдэлтэй. Эмнэлэг бүрт тоног төхөөрөмж сайжирсаар байгаа учраас эрт илрүүлгийг харьяа дүүргийнхээ эмнэлэгт хийгээд нарийн төвөгтэй зүйлийг манай эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан тогтоодог шатлал байхгүй бол ачааллаа их болно. Нэн яаралтай, богино хугацаанд оношилж, хагалгаа хийх хэрэгтэй хүмүүст тусламж үзүүлдэг байх хэрэгтэй гэж бодож байна.

-Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нь бүх төрлийн хавдрын, өвчин оношлох  тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадсан уу?

-Манай төв оношилгоо болон эмчилгээний гэсэн хоёр томоохон хэсгээс бүрдэж байгаа. Оношилгооны төвийн хамгийн онцлогтой хэсэг нь PET-CT төв юм. Монголд анх удаа суурилагдсан Позитрон ялгаруулалтын томограф хэмээн нэрлэж буй. Хүмүүст хавдар илэрлээ гэхэд өөр эрхтэнд үсэрхийлсэн байна уу гэдгийг хүний судсанд цацраг идэвхт бодис тариад,  хүний биеийг бүтэн сканердаад харна гэсэн үг. Үсэрхийлэлтэй байвал эмчилгээг  хэрхэн хийх вэ гэх төлөвлөгөөг хийнэ.  Өмнө нь иргэд үсэрхийллийн төвшнийг оношлуулахын тулд  БНСУ, БНЭУ руу явдаг байсан. Харин одоо энэ урсгал зогсох болов уу гэж найдаж байна.

Уг төхөөрөмжөөр хавдрын үсэрхийллийг тогтоож, эрт үед нь илрүүлэх боломжтой бөгөөд ашиглахын тулд богино хугацаанд задардаг цацраг идэвхт бодис хэрэглэдэг. Тэрийг гадаадаас авчрахад их төвөгтэй. Гадаадын үйлдвэрээс гаргаад шууд л хэрэглэхгүй бол идэвхтэй байдал нь алдагдчихдаг учраас үйлдвэрийг нь хамт байгуулж байгаагаараа онцлог. Нэг ёсондоо оношилгоонд ашигладаг цацраг идэвхт бодисыг үйлдвэрлэдэг юм. Бид хамгийн түрүүнд FDG гэдэг бодисыг гарган авна. Мөн манай төвд MRI буюу соронзон резонанс томограф төхөөрөмж байдаг бөгөөд гурван тэсла хүчин чадалтай. Хамгийн сүүлд гуравдугаар эмнэлэгт тавигдсан MRI нь 1.5 тэслатай юм. Соронзон оронг оношилгоонд ашигладаг учир нэмэх, хасах цэнэгтэй ионуудын хуулирсан хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулж оношлоход оршдог. Мөн мэс засал болон дурангийн оношилгоо нь хамгийн сүүлийн үеийн аппаратаар хийгдэнэ. Бид тоног төхөөрөмжийн давуу талыг зөв хуваарилан яаралтай, хүнд өвчтөнтэй хүмүүс тусалж, түргэн шуурхай үйлчилдэг болсноор хавдрын өвчнөөр нас барах тохиолдлоор тэргүүлдэг манай улс өвчнөө эдгээдэг, эмчилдэг, аварч чаддаг болохыг харуулна.

-Хэрэв ялган оношилдог тогтолцоо бүрдвэл нэг газар төвлөрдөг буюу ХСҮТ-ийн ачааллыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм байна?

-Тийм. Зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд хийгддэг байсан элэгний хавдрыг бөглөх, түлэх эмчилгээ болон бусад судсан доторх оношилгоо эмчилгээг манай төвд хийх бүрэн боломжтой. Тиймээс бид ХСҮТ-д мэргэшсэн эмчийг оношлогооны төвдөө ажиллуулж байна. ХСҮТ дэх их ачааллыг бууруулахын тулд төв эмнэлгүүд дэргэдээ хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх  үйл ажиллагааг эхлүүлж, олон хоног, сараар дугаарлаж үзүүлдэг тогтолцоо арилж, өвчтөнүүд цаг алдалгүй тусламж авах боломжтой болох юм. Гэхдээ үүнд дээд шатны байгууллага буюу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх төсөв, хөрөнгийг шийдэж өгөх, оношийн бүлгээр өвчнийг эмчлэх боломжийг бий болгочих юм бол тодорхой хэмжээгээр хавдрыг эрт илрүүлэх боломж нэмэгдэнэ. Үндэсний оношилгоо эмчилгээний төвд бүрдсэн боломжийг зөвхөн харвалт, шигдээс, архаг хууч өвчин үзэхээс илүү нийгэмд тулгамдаж байгаа өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулбал бусад эмнэлгийнхээ ачааллыг бууруулах юм.

-Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлэв, ачаалал хэр их байна вэ?

-Амбулаторийн ачаалал нэлээд их бий. Амбулаториор үзэж байгаа эмчийн тоо, багажийн шинжилгээ хийх, оношлох үзлэгийн тоо нийлээд бараг өдөрт 1000 орчим байна. Ингээд сард 22-23 мянган хүнд үйлчилж байгаа юм.

-Орон нутгийн хүмүүс маягт авчирч үзүүлдэг үү. Харьяалал харгалзахгүй байгаа юу?

-Одоогоор ЭМЯ-аас бидэнд үндэсний хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тушаал шийдвэрийг гаргаж өгөөгүй байгаа учраас харьяаллын дагуу тусламж үйлчилгээ хүргэж  байна. Гэхдээ орон нутгаас ирсэн хүмүүст 13А маягтаар үйлчилж байгаа.

Хоёрдугаар эмнэлгийн А байранд урьдчилан сэргийлэх оношилгооны тусгай тасаг байгуулна

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж болох уу?

-Бид энэ оны нэгдүгээр улиралд “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь урьдчилан сэргийлэх оношилгооны бүх тоног  төхөөрөмжийг Хоёрдугаар эмнэлгийн А байранд тусгай тасаг байгуулан нэгдсэн, цогц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Гадаадын бараг бүх эмнэлэгт байдаг. Үүнийг л манай улс бүх эмнэлэгтээ бүрдүүлээд өгчихвөл эрт үед нь өвчин эмгэгийг илрүүлэх, тогтоох боломжтой болж байгаа юм. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд амбулаторийн үйлчилгээгээр үзүүлэх гэхэд  дараалал үүсч, стресстэж, нэг эмчид ногдох хүний өвчтөний нэмэгдэх зэрэг олон асуудал гардаг учраас иргэд санаачилгаараа хамрагдахгүй байгаа юм. Уг төвийг маш тухтай, орчин үеийн байдлаар тохижуулж, цаг аваад компьютер томограф, эхо, зүрхний бичлэг, лабораторийн шинжилгээ хийлгээд  хамгийн сүүлд эмч дүгнэж өгдөг системтэй үйлчилгээ бий болгоно. Үүнээс нарийн шинжилгээ өгөх шаардлагатай, өвчин эмгэгийг олж тогтоох боломжтой юм.

-Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үйлчлэх боломжтой болов уу?

-Боломжтой. Эрүүл мэндийн даатгалын газраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах багц гаргасан шүү дээ. Түүнтэй уялдуулж гаргахаар төлөвлөж байгаа.

-Хэвтэн эмчлүүлэх боломжтой билүү?

-Бид төв байранд үйл ажиллагаа явуулж байсан мэс заслын тасгийг  Үндэсний оношилгоо эмчилгээний төвдөө авчирсан. Мэс заслын 84 ортой бөгөөд ерөнхий мэс заслын тасаг эмэгтэйчүүд, бөөр, шээсний замын мэс заслын тасаг, судсан доторх оношилгоо эмчилгээ, мэс заслын тасаг гээд нийт дөрвөн тасаг байгаа.

Эх сурвалж: Itoim.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК