Түлэнхийн төвийн барилгын ажил санхүүжилтгүйгээс дахин зогсчээ

Одоогоос найман жилийн өмнө буюу 2013 онд барилгын ажил нь эхэлсэн Түлэнхийн төв одоо ч ашиглалтад ороогүй байна.

Түлэнхийн төвийн барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад есөн жил болж байгаа билээ. Тодруулбал, 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн байранд шилжиж ирсэн. Гэвч гэмтэлтэй болон түлэгдсэн хүмүүсийг нэг эмнэлэгт хүлээн авч байсан нь ачааллыг эрс нэмсэн тул ГССҮТ-ийнхөн хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүж, түрээсэндээ сарын 28 сая төгрөг төлж байв. Уг байранд Түлэнхийн төвийнхөн удсангүй, жил гаруй болоод байрыг нь суллаж өгч дахин ГССҮТ-д ирснээр өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Түлэнхийн төвийг шинэ барилгатай болгохоор болж 2013 онд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлыг нь эхлүүлсэн байдаг.

Гэвч санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдээгүйн улмаас барилгын ажил удалгүй царцсан юм. Харин 2017 оны тавдугаар сард Кувейтийн буцалтгүй тусламжийг авснаар санхүүжилтээс шалтгаалан олон жил дуншсан тус төвийн барилгын ажил үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийн хүрээнд найман сая ам.доллар шийдвэрлэгдэж. 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.

Түлэнхийн төвийн шинэ барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А блок буюу оффис, С блок буюу морг хэсгийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блок буюу амбулатори хэсгийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Барилгын ажил 60-80 хувьтай явж байна, удахгүй ашиглалтад орно гэж захиалагч, гүйцэтгэгч талууд хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан ч одоог болтол ашиглалтад ороогүй байна.

Шалтгааныг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Улирлаас шалтгаалаад барилгын ажил түр зогссон. Аль болох түргэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Санхүүгээс шалтгаалсан юм огт байхгүй. Санхүүжилт аль хэдийн шийдэгдчихсэн” гэх тайлбар өгчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК