“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

“ЭНЭРМЕД” ХХК-ийн Япон стандартын дагуу  барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилгыг эмнэлэгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвшөөрлийг нь олголоо. Ингэснээр Монгол Улсад ганцхан байгаа 1982 оноос 36 жил үйл ажиллагаа явуулж ХСҮТ улсын эмнэлгийн ачааллыг ХОЁР ДАХИН бууруулах хүчин чадал бүхий шинэ ХАВДРЫН ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫГ барилга ашиглалтад орох боломж бүрдэв.

Барилгыг УЛСЫН КОМИСС хүлээж авсанаар хавдрын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах оношлогоо, эмчилгээний бүх төрлийн тоног төхөөрөмж, тавилга суурьлуулж үйл ажиллагаа явуулах, мэргэжилтнүүдийн багуудтай хамтран ажиллах яриа хэлэлцээний захиалга авах боломж нээгдлээ. “Энэрмед” ХХК-ийн  шинэ эмнэлэгийн барилга нь нийт 11000 мквд талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.

“ЭНЭРМЕД” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь  “Ачлал трейд” компани бөгөөд тус Ачлалтрейд ХХК нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байна. Эмнэлэгийн барилга нь  нийт 20.0 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн  стандартыг хангасан байдлаар баригдсанаараа ихээхэн онцлогтой.

Тус эмнэлгийн барилгын төслийг 2010 онд санаачилж эхэлсэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг  ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм.  Хавдрын шинэ эмнэлэгийн барилгын зураг төслийг Япон стандартаар боловсруулж, гүйцэтгэлийг нь 100 хувь Монгол инженерүүд хийсэн байна.

Барилгын цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлт, хяналтын систем, газ хийн систем, дотоод холбоо, дохиолол зэрэг нь эмнэлгийн барилгын зориултаар бүтээгдсэн юм. Эмнэлгийн барилгын бүтээн байгуулалтад 10 гаруй туслан гүйцэтгэгч компаниуд, нийт 300 гаруй инженер, техник, гүйцэтгэлийн ажилчид оролцжээ.

“ТАВАН ТӨРЛИЙН ХИЙН ХООЛОЙТОЙ ЭМНЭЛЭГ ХОВОР”

“Петро Хими” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ:

даралт, шугам хоолойн угсралтыг хариуцан ажиллаж буй инженер юм. Зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан гэдэг нь хийн системтэй салшгүй холбоотой. Одоогоор энэ эмнэлэгт шийдсэн шиг таван төрлийн хийн систем хоолойг Монголдоо өөр хаана ч шийдэж өгөөгүй, ихэвчлэн хүчилтөрөгч, вакум хоёрыг ашигладаг гэв. Мэс заслын үед шаардлагатай эдгээр хийнүүдийг олон төрлийн хагалгааг хямд зардлаар, шуурхай хийх боломж олгодог гэж даралт, шугам хоолойн угсралтыг хариуцан ажиллаж буй “Петро Хими” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ ярьлаа.

-Та улсын эмнэлгүүдэд ийм хийн хоолой хоёр л байдаг гэсэн. Харин энэ эмнэлэгт хэдэн хоолой суурилуулж байгаа вэ?

 

-Энэ эмнэлгийн хувьд мэс заслын өрөө, сэхээн амьдруулах өрөө, хэвтэн эмчлүүлэх өрөө гэх мэт өрөөнүүдэд таван төрлийн хийн шугам холбож өгч байна. Та бүхний харж байгаачлан энэ зэс шугамуудыг бид суурилуулж байгаа. Хоёр төрлийн шугам гарч байгаа бол дараах давхарт хоёр төрлийн хий, таван төрлийн шугам гарсан байвал таван төрлийн хий тухайн давхар руу шахна гэсэн үг. Хэдэн төрлийн ямар мэс заслын өрөө байна гэдгээс шалтгаалж Б1 давхраас 12 давхар хүртэл суурилуулсан. Тухайлбал, энд агаар, вакум, хүчилтөрөгч, азотны исэл, нүүрсхүчлийн хий гэсэн таван шугам доороосоо дээшээ явна.

-Хавдрын эмнэлгийн шугамын холболт яг юугаараа онцлогтой байдаг юм бэ?

-Хавдар бол хавдар, арьс өнгөний эмнэлэг бол арьс өнгөний чиглэлээр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шугам холболттой байх ёстой. Энэ эмнэлгийн хувьд хагалгаа, оношлогоо, эмчилгээ бүгд байх учраас олон төрлийн хий ашиглаж байна. Эмнэлгүүд хийн системтэй байдаг ч таван төрөлтэй тэр бүр байгаад байдаггүй, хоёроос гурав л байдаг. Тухайлбал, Нэгдүгээр төрөхөд хагалгаанд орж байхад хүчилтөрөгч, гараад ирэхэд нь вакум гэх хоёр төрлийн л хий хэрэг болдог. Намхан барилгуудын хийн системийг тооцоолоход хялбар байдаг бол өндөр болох тусам тооцоолол улам нарийсдаг. Манай компанийн хувьд өөрөө тооцоо хийдэг ч яг япончуудын гаргаж өгсөн зураг, системийн дагуу ажиллаж байна.

-Энэ хийнүүд яг юунд хэрэг болдог талаар хэлж өгөхгүй юү?

-Нүүрсхүчлийн хий гэхэд дурангийн хагалгаанд хэрэг болдог, азотын хий байрын хэсгийг мэдээ алдуулж бага зардлаар жижиг мэс ажилбар хийдэг байх жишээтэй. Шүд авахад соруулаад байдаг жижиг төхөөрөмжийг тогоор биш, хийгээр ажиллуулдаг шүү дээ. Мэс засал хийхэд хүний биеийн доторх хоёр ханыг хийгээр үлээлгэж хөндийрүүлж байж эмч хүн мэс заслаа хийдэг. Тэгэхээр аль болох олон хий орох тусам бага зардлаар, олон төрлийн хагалгаа хийх боломжтой гэсэн үг юм.

ГАДНАХ АГААРЫГ ӨВЧТӨНИЙ ӨРӨӨ РҮҮ ГУРВАН ДАВХАР ШҮҮЛТҮҮРЭЭР ШҮҮЖ ОРУУЛНА

“Happy City” констракшны автоматикийн инженер С.Мөнхтулга:

-Агааржуулалтын талаар Ерөнхий инженер хэлэхдээ өрөө бүрийг байнга хянаж, тохируулж байхаар шийдсэн гэсэн. Яг яаж шийдсэн юм бэ?

-Өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой.

Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлага хийж байгаа. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийнэ. Нөгөөтэйгүүр гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулна. Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд Монголоор “УХААЛАГ БАРИЛГА” гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг маань япон инженерүүд хийж, гүйцэтгэлүүдийг мөн хянаж байгаа.

 

Тайлбар: Хийн хоолойннуудыг монтажилсан байдал

Ийм агааржуулалт хөргөлтийг манай Монгол улсад өөр ямар эмнэлгүүдэд шийдэж өгсөн талаар дуулж байв уу?

-Би дуулж байгаагүй юм байна. Харин үйлчилгээний төвүүдээс дурдвал, Бодь цамхаг, Улаанбаатар их дэлгүүр зэрэг барилгуудад ийм агааржуулалтыг шийдэж өгсөн. Харин CO2-ын хувьд нилээд шинэлэг гэж хэлэхээр байна. Эмнэлэг гэдэг утгаараа агаарын чанарт ихээхэн анхаарч үүнийг шийдэж өгсөн. Хүмүүс гоё цонх, гоё хаалга хийсэн бол “хөөх” гээд хараад мэддэг. Харин энэ мэт шийдлүүд хүний нүдэнд харагддаггүй ч дандаа оюуны бүтээл байдаг учраас өртөг өндөртэй. Тиймээс л тэр бүр барилгуудад хийгддэггүй.

-Эрсдэлийг тооцож үзвэл, тог тасрахад энэ бүх систем ажиллах уу?

-Барилга өөрөө нэгдүгээр зэрэглэлийн барилга учраас хоёр талын эх үүсвэртэй, генератортай, серверийн тоног төхөөрөмжүүд өөрсдөө тог баригчтай. Ер нь байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулж байна.

ӨВЧТӨН БҮР ХҮРЭХ ТӨДИЙД Л АЖИЛЛАХ СУВИЛАГЧ, ДУУДЛАГЫН СИСТЕМТЭЙ БАЙНА-

Холбоо дохиолол хариуцсан инженер П.Буурал:

-Та бүхний хийж гүйцэтгэсэн ажлуудас сувилагч дуудлагын систем их шинэлэг санагдсан. Хуучны эмнэлгүүдэд байдаггүй гэсэн. Ямар зарчмаар ажиллах вэ?

-Аравдугаар давхарт 32 орны толгой буюу 32 өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Энэ дунд 1-2 сувилагч байхад тухайн өвчтөн өөрийн орон дээрээ гартаа барьсан төхөөрөмжөөр шууд сувилагчтайгаа холбогдох буюу эсвэл сувилагчдаа дуудлага өгөх, сувилагчтайгаа ярилцах боломжтой. Аль өвчтөн дуудсан бэ гэдэг код сувилагчийн пост дээр тусгай самбар дээр харагдана, сувилагч тухайн давхартаа хаана ч явж байсан түүнийг харах боломжтой. Тэр самбар нь өвчтөн дуудаагүй энгийн үед өдрийн цагийг харуулж байна. Гараараа хүрэх төдийд л сувилагчаа дуудаж, амьд харилцаа үүсгэх боломжтой. Зөвхөн орон дээр хэвтэхдээ биш нийтийн бие засах газар, тэргэнцэртэй иргэний бие засах газар гээд хаана ч очсон сувилагч дуудлагын систем байж байх учраас тэнд өвчтөн ямар нэгэн байдлаар эрсдэлтэй учирсан ч сувилагчаа шууд дуудах боломжийг бүрдүүлж өгсөн.

Галын аюулаас хамгаалах системийн тухайд? Их өндөр барилга учраас хамгийн өндөрт байгаа өвчтөнүүд хэрхэн осол аваарьгүй байх вэ гэдгийг уншигчид их сонирхох болов уу?

-Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн эмнэлэг. Тийм ч учраас галын дохиоллыг ч маш өндөр зэрэглэлд, ухаалаг байдлаар шийдэж өгсөн. Давхар болгоныг 4-5 бүс болгоод хянаж байх юм. Үүнээс гадна түгшүүр өгөхдөө шууд дохиолол өгөх биш, хэд хэдэн анхааруулга санамж өгч байж түгшүүр өгдөг байдлаар программчилсан. Тэр түгшүүрийг хянаад, хяналтын камераар харж, зарлан мэдээллэхээр хянаж байж түгшүүр өгнө. Мөн эмнэлэг үйлчилгээний хоёр цахилгаан шат, үйлчлүүлэгчдийн орж гарах хоёр цахилгаан шат, эмч болон өвчтөнүүд зорчих нэг цахилгаан шаттайн дээр хоёр талдаа аваарийн гарц, шаттай.

-Гал гарахад хэсэгчилж хаах уу?

-Тиймээ. Хавхлаг бүр дээр программ суурилуулсан. Тухайлбал, тавдугаар давхарт гал гарлаа гэхэд утаа дээшээ явдаг тул 5-7 давхрын хавхлаг ажиллаад бусдыг нь шууд хааснаар дээшээ утаа орох боломжгүйгээр шийдэж өгсөн байгаа. Түгшүүрийг өөрөө автоматаар мэдэрч хавхлагууд ажиллаж эхэлдэг. Чимээ ихтэй байлаа ч дохиоллыг өрөө бүр, кордор бүрт суурилуулж өгсөн учраас хүн үлдэх аюулгүй. Хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж, бэлэн болгосон зүйлүүд шүү дээ.

-Одоо бүх камеруудыг суурилуулаад бэлэн болчихсон уу?

-Тийм. Бүк камерыг нэгдсэн журмаар хяналтын өрөөнд 24 цаг тасралтгүй хянах юм. Гаралт, харагдаж байгаа өнцөг зэрэг нь маш өндөр зэрэглэлийн нягтаршилтай камер бөгөөд хагас сарын бичлэгийг хадгалаад явдаг онцлогтой.

ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДИЙН СЭТГЭЛ САНААНД ТОХИРУУЛАН ДАВХАР БҮРИЙГ ӨНГӨ ӨНГӨӨР ЯЛГАЖЭЭ

Шинэ хавдрын эмнэлгийн дотоод засал маш өнгөлөг, сэтгэл сэргэм байдлаар шийдэгджээ. Учир нь хавдраар өвчилсөн иргэд ихэвчлэн химийн эмчилгээ хийлгэдэг, дээр нь өдөртөө л 15 орчим тариа тариулдаг, өвчлөлөөсөө болж сэтгэл гутралд орсон байх нь элбэг тул тэдэнд гэрэл гэгээтэй, өнгөлөг орчин бэлдэж өгсөн нь байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК