М.Пүрэвтогтох: Хүний нас нэмэгдэх тусам үр тогтоох чадвар буурдаг

ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн эрхлэгч, андролог эмч М.Пүрэвтогтохтой ярилцлаа.


-Дэлхийн олон оронд жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-27-нд Үргүйдлийн талаарх мэдээлэл мэдлэг олгох зорилгоор олон нийт болон энэ талын асуудалтай гэр бүл, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Манай улсын хувьд энэ өдрүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-1989 оноос хойш “Үргүйдлийн долоо хоног”-ийг дэлхийн ихэнх улс орнууд олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Монгол Улс урьд нь албан ёсоор ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байсан удаагүй. Харин өнөө жилээс эхлэн манай төвийн хамт олон бусад үргүйдэл, нөхөн үржихүйн төвүүдээ уриалан үргүйдлээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс энэхүү ярилцлагаараа дамжуулж үргүйдлийн тусламж үйлчилгээний талаар зарим мэдээллийг өгье.

-Дэлхийн хэмжээнд үргүйдэл хэдэн хувьтай байна вэ. Монгол Улс ямар түвшинд байдаг юм бол?

-Үргүйдэл нь дэлхий нийтээрээ анхаарал татсан асуудлын нэг яах аргагүй мөн. ДЭМБ-аас энэ тал дээр олон төрлийн судалгаа, шинжилгээний ажлуудыг тогтмол явуулсаар ирсэн. Сүүлийн арав гаруй жилийн судалгааны дүнгээс харахад дэлхий дахинд үргүйдэл нэмэгдээгүй. Нэгэн хэвийн тогтвортой байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна л даа. Ер нь олон улсын хэмжээнд нийт гэр бүлийн 12-16 хувь нь үр хүүхэдтэй болоход асуудалтай байна гэсэн судалгаа байдаг. Монголд энэ асуудал нийт гэр бүлийн 12 хувьд нь тулгамдаж байна.

-Үргүйдлийн гол шалтгаан нь юу юм бэ. Хосуудын хувьд эрэгтэйгээсээ болж байна уу, эмэгтэй талдаа зонхилдог уу?

-Үргүйдэл нь олон хүчин зүйлээс улбаатай. Ерөнхийдөө хүний биеийн ямар нэг эмгэгүүд нөлөөлдөг л дөө. Жишээлбэл, бодисын солилцооны өөрчлөлтүүд, бамбай булчирхайн эмгэг, цусан дахь сахарын хэмжээ их байх зэрэг нь үргүйдэлд хүргэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Монголын хувьд хүн амын нөхөн үржихүйн насныхны дундах бэлгийн замын халдварт өвчний тархалт элбэг байгаагаас үргүйдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн монголчуудын гэрлэх дундаж нас харьцангуй орой болсон. Өмнөх нийгэмд ихэвчлэн оюутан ахуй насандаа гэр бүлээ зохиодог байсан бол сүүлийн үед залуус маань сургуулиа төгсч, боловсрол эзэмшиж, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлсний дараа гэрлэх шийдвэр гаргаж байна шүү дээ. Үүнээс болж үргүйдэл ихсэх хандлага байна уу гэж ажиглагдаж байгаа. Учир нь 20 настай залуус, 30 гаруй насныхныг харьцуулахад хүүхэдтэй болох боломж их зөрүүтэй байдаг. Хүний нас нэмэгдэх тусам үр тогтоох чадвар нь буурдаг гэсэн үг.

Хүйсийн хувьд үргүйдэл эрэгтэй, эмэгтэй талаасаа 40, 40 хувийн хамаатай. Үлдэж буй 20 хувь нь хоёулангаас нь шалтгаалж байгааг олон улсын судалгааны дүн харуулж байна.. Тодруулбал, тэдний аль, аль нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн түвшинд хүрсэн бүх төрлийн шинжилгээгээр үр тогтоох чадвар нь эрүүл байх тохиолдлууд бий. Ийм хүмүүс нийт үргүйдэлтэй гэр бүлийн 20 орчим хувьд нь байдаг гэсэн үг. Гэвч яагаад хүүхэдтэй болж чадахгүй, шалтгаан нь тодорхойгүй гэсэн ангилалд багтаад байна вэ гэвэл анагаах ухаан тэдгээр гэр бүл юунаас болж үргүйдэлд хүрэв гэдгийг оношилж чадахгүй байгаатай холбоотой юм.

-Хосууд хэдий хугацаанд хүүхэдтэй болохгүй байвал эмнэлэгт хандах ёстой вэ. Үргүйдэл нь удамших тохиолдол байдаг уу?

-Нэг жилээс дээш хугацаанд ямар нэг хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороод байгаа хэрнээ жирэмсэн болохгүй байвал эмнэлэгт хандах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэйн алинд нь асуудал байгааг оношлуулж, эмчилгээнд орно. Ямар нэгэн илэрхий шалтгаан байхгүй бол үр цацах эмчилгээнд ордог л доо. Энэ эмчилгээг 4-6 удаа хийгээд амжилтгүй байвал үр шилжүүлэн суулгана.

Үргүйдэл удамшдаггүй гэж ойлгож болно. Гэхдээ зарим тохиолдолд удамшлын эмгэгүүд байдгийг үгүйсгэхгүй. Жишээлбэл, эмэгтэйн өндгөвчний, эрэгтэйн төмсөгний хөгжил нь сул байвал үрийн шингэн болон өндгөн эс ялгарахгүй. Ийм хүмүүс цаашаа үр удмаа дамжуулах боломжгүй байх нь бий.

-Үргүйдлийн асуудлыг манай улсын хувьд хэрхэн шийдэж байна. Эмчлгээний ямар аргуудыг нэвтрүүлээд байна вэ?

-Одоогоос 40 гаруй жилийн өмнө Английн эрдэмтэд үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр анхны хүүхдийг төрүүлсэн байдаг. 1978 оны долдугаар сард төрсөн Луйза Жой Браун өнөөдөр ээж болсон байгаа. Үүнээс хойш дэлхий дахинд үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр таван сая хүүхэд мэндэлсэн. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний хэд хэдэн арга байдаг. Энэ бүх аргыг манай улсад хувийн эмнэлгүүд 2010 оноос нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үргүйдэл, нөхөн үржихүйн таван эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь манай төв. Бүгд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Бэлгийн эс, үр хөврөл хөлдөөх, гэсгээгээд суулгах гэх мэт дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээг цогцоор нь хийж байгаа. Мөн зарим тохиолдлын эмгэгүүдийг эмийн болон мэс заслын эмчилгээгээр эмчилж байна.

-Улсын эмнэлгийн хувьд хувийн эмнэлгээс ялгаатай тал нь юу вэ?

-Эрүүл мэндийн даатгалын системээр үйлчилж байгаа. Хувийн эмнэлгийн өндөр өртөгтэй эмчилгээнд хамрагдаж чаддаггүй хүмүүс манай төвд хамрагдах боломжтой. Эерэг тал нь санхүүгийн хувьд үйлчлүүлэгчдэд ээлтэй ч ачаалал ихтэй байдаг даа.

-Та үргүйдлийг эмийн болон мэс заслын эмчилгээгээр эмчилж байгаа талаар дурдсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Орчин үед үргүйдлийг эмчлэх эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа. Хамгийн эхний эмчилгээ гэхэд үрийн шингэн,эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, чанарыг сайжруулж үр тогтоох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн биологийн идэвхт бодис, витаминууд эмчилгээнд нэвтрээд байна. Олон улсын хэмжээнд энэ зорилгоор хэрэглэдэг маш олон төрлийн бэлдмэлүүд ч худалдаанд гарсан байдаг. Эдгээрээс Германд үйлдвэрлэж, олон улсын чанарын шаардлагыг хангасан “Фертило форте” зэрэг бэлдмэл эр бэлгийн эс, үрийн шингэний үзүүлэлтүүдийг сайжруулж байгаа нь ажиглагдсан.Фертило форте нь дан ганц үргүйдэлтэй ч биш, эрүүл мэнддээ анхаарсан бүх насны эрчүүд ууж болохоор олон чухал амин дэмүүд агуулсан байдаг. Цаашлаад илүү хүнд тохиолдолд бэлгийн эс үүсэхийг идэвхжүүлэх зорилгоор антиэстерогений нөлөөтэй кломифен цитрат эмийг 3 сар түүнээс дээш хугацаагаар хэрэглэдэг. Төвийн гаралтай үргүйдлийн үед цэлмэнгийн гонадотропиний болон цэврүү идэвхжүүлэх дааврын бэлдмэлийг тарихаар хэрэглэдэг. Дээрх эм, бэлдмэлээр хийсэн эмчилгээний тусламжтайгаар олон гэр бүр аз жаргалаа өлгийдөн авсан байгаа. Эдгээр эм, бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтад орж хэрэглэх хугацаа, тунг тохируулж хэрэглэх нь зүйтэй.

Хүний нас нэмэгдэх тусам үр тогтоох чадвар буурдаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Тэгэхээр заавал энэ талын асуудалтай ч биш, эрүүл ялангуяа хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол аль болох эрт хүүхэдтэй болох нь зохимжтой, мөн эр, эм бэлгийн эсийн чанар, үр тогтоох чадамж нэмэгдүүлдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийн давуу талыг мэддэг, эмч нар ч энэ талын зөвлөгөөг сайн өгдөг байх шаардлагатай байна. Үргүйдэл нь ганцхан тухайн асуудалтай гэр бүл, энэ талын нарийн мэргэжлийн эмч нарт хамаатай асуудал биш юм. Бүх нийтээрээ л үргүйдлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй байна.

Харин мэс заслын эмчилгээний хувьд эрэгтэй үргүйдэл дээр аваад үзье л дээ. Төмсөгний шалтгаант үргүйдэл нь дотроо хоёр янз байдаг. Битүүрлийн болон битүүрлийн бус гэж ангилдаг. Гэмтэл юм уу бэлгийн замын халдвараас болоод үр дамжуулах суваг нь битүүрсэн үед мэс заслын эмчилгээ хийгээд эр бэлгийн эсийг нь авдаг. Энэ бол үр дүн сайтай эмчилгээ. Бид үүнийг бүрэн шийдэж чадсан байгаа. Тэгвэл битүүрлийн бус шалтгаан гэхээр төмсгөнд эр бэлгийн эс үүсэхгүй, эсвэл маш бага хэмжээгээр үүсч байгаа тохиолдлыг хэлдэг. Энэ нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн тулгамдсан асуудал юм. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгээр нь тухайн улсын үргүйдлийг эмчлэх түвшинг хэмжиж болно.

-Эмчилгээний үр дүн ямар байдаг вэ?

-Ер нь олон улсын дунджаар үр шилжүүлэн суулгах эмчилгээний 30 орчим хувь нь амжилттай болдог гэсэн судалгаа бий. Хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ гэхэд 400 гаруй нөхөн үржихүйн төвтэй. Тус улсын 2015 оны статистик мэдээг харахад жилд дунджаар 200 мянга орчим цикл үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг юм билээ. Үүний 30 орчим хувь нь амжилттай үр тогтдог гэсэн. Зарим улс 40, 50 хувьд хүрсэн тохиолдол ч байдаг. Монголын тухайд 27, 28 хувьтай байна. Зарим Европын орнуудад 21,22 хувьтай ч байгаа. Манай улсын хувьд дэлхийн дундаж түвшинд ойр яваа нь эмчилгээний үр дүн ямар байдгийг харуулж байна шүү дээ.

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээний өртөг өндөр байдаг нь ямар учиртай юм бэ?

-Энэ эмчилгээнд хэрэглэгдэж байгаа урвалж бодис, нэг удаагийн хэрэглэгдэхүүний өртөг өөрөө өндөр л дөө. Урвалж бодисын хувьд үнэд хүргээд байдаг шалтгаан нь хэрэглэх хугацаа нь маш хурдан дуусдагтай холбоотой. Хүний биеийн шингэн орчныг хиймлээр үүсгэдэг учраас олон найрлагатай, орчны хүчил шүлтийн хувьд нарийн тохиргоотой байдаг. Ихэнх бодис нь хоёр сарын хугацаанд л хадгалах горимтой. Задалчихвал долоо хоногоос хэтрүүлж болохгүй. Үнэтэй бодисоо нэг хүн дээр задлаад хэрэглэлээ гэхэд дараагийн хүнийг эмчилгээнд ортол хүлээхгүй. Бүгдийг нь хаях болно. Дээрээс нь нэг эмэгтэйгээс арван өндгөн эс авлаа гэхэд үүссэн үр хөврөлийн хоёрыг нь суулгаад үлдсэнийг нь хөлдөөж хадгална. Жилийн турш хадгалахад сар болгоны төлбөр нь нэмэгдээд ерөнхий дүн их болно. Манай төвийн хувьд одоохондоо 150-иад хүний үр хөврөл, бэлгийн эсийг үнэ төлбөргүй хөлдөөж, хадгалж байгаа.

Монгол Улс маань хүн амынхаа өсөлтийг дэмждэг орны хувьд үр шилжүүлэн суулгах, үргүйдэлтэй холбоотой тусламж үйлчилгээг бүхлээр нь даатгалын системд хамруулах нь үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст том боломж олгоно. Тэр хэрээр үр хүүхэдтэй болохыг хүссэн айл өрх, хосуудын хүсэл мөрөөдөл биелж, хүн амын тоо ч өсөхөд нөлөөлнө. Тиймээс шийдвэр гаргагчид маань үр шилжүүлэн суулгах, үргүйдэлтэй холбоотой тусламж үйлчилгээг бүхлээр нь даатгалын системд хамруулж өгөөсэй гэж хүсэх байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК