Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол зүйл бол цөсний хүүдийн үрэвсэл

Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол зүйл бол цөсний хүүдийн үрэвсэл

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Төмөрбаатартай ярилцлаа.

-Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Цөс бол хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог нэлээд олон найрлагатай  хар ногоондуу өнгөтэй шингэн фeрмент юм. Элэгнээс боловсорч гарч ирсэн цөс элэгний сувaг, цөсний ерөнхий сувгаар дамжин хагас нь 12 хуруу гэдэс рүү орж, зарим нь депо маягаар салж цөсний хүүдий рүү ордог. Цөс өнгийг нь өөрчилдөг учраас хүний өтгөн бор өнгөтэй байдаг. Цөс болон нойр булчирхайн шүүрэл нийлэн 12 хуруу гэдэсний хөндийд нарийн нийлмэл био химийн урвалууд явагдаж байдаг. Тэрхүү шингэнүүд хоорондоо болон хүний идэж , ууж байгаа зүйлстэй урвалд орж боловсруулагдсан шингэн хоол доошоо нарийн гэдэс рүү явж байх замдаа цусны судаснуудаар шимэгдэн хүний бие махбодод хэрэгтэй минерал, уураг бусад амин дэмүүд цусны урсгалаар бусад эд эрхтнүүдэд хүрнэ. Цөсний хүүдийд байгаа цөс байнга хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдоггүй. Цөсний хүүдийд хуримтлагдсан цөс шаардлага гарахаар цөсний хүүдий агшихад цөсний ерөнхий цорго руу шахагдан гарна.  Цөс хэр хэмжээгээр шахах нь тухайн хүний ямар хоол идсэн, шингэц нь хэр байхаас шалтгаалдаг.

-Цөс юунаас болж үрэвсдэг вэ?

-Цөсний үрэвсэлт өвчин хүний идэж, ууж байгаа хоол, тэжээлтэй их холбоотой. Тэр идэж ууж байгаа зүйлс дам нөлөөлж цөсийг үрэвсүүлдэг. Идэж уусан хоолны эвгүй, хүчтэй, хоруу чанар ихтэй бактерууд нь ихэсвэл янз бүрийн замаар цөсөнд дамжин очиж хүүдийд нь нөлөөлөн цусан хангамж муудсанаар үрэвсэл үүснэ.

Цөсний үрэвслийг хурц, архаг гэж хоёр ангилна. Архаг үрэвсэл голцуу цөсний хүүдийн чулуутай байдаг. Энэ тохиолдолд үе үе сэдрэн хэсэг өвдөөд больдог. Цөсний архаг үрэвсэл дотроо чулуутай, чулуугүй архаг үрэвсэл гэж байна. Чулуугүй архаг үрэвсэл ямар нэгэн сэдрэх нөхцөл бүрдсэн үед хүчтэй өвдөж, мэс засал хийгдэх тохиолдол ч байна. Чулуутай үрэвсэл гэдэг бол цөсний хүүдий дотроо их, бага хэмжээгээр чулуутай, түүнээсээ болоод сэдэрч өвддөг.

-Үрэвссэн цөсөө хэрхэн эмчлэх вэ?

Үрэвслийн процесс хэрхэн явагдаж байгаагаас шалтгаалан эмчилгээний тактик нь өөр өөр. Цөсний хүүдийн чулуут үрэвслийг огт өвдөхгүй, сэдрэхгүй тохиолдолд түүнийг зайлшгүй авах шаардлагагүй гэсэн зөвлөмжтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар өвддөг, сэдэрдэг бол мэс заслаар цөсний хүүдийг авдаг. Чулуутай цөсний хүүдийг ганцхан чулууг нь биш цөсний хүүдийг нь хамт авахгүй бол чулуу үүсээд үйл ажиллагаа нь муудсан цөсний хүүдийд дахин чулуу үүснэ, өвдөнө, сэдэрнэ.

-Ийм мэс ажилбарыг дурангаар хийж байгаа юу?

-Хуучин нээлттэй хийдэг уламжлалт арга, сүүлийн үед хийж байгаа дурангийн арга байна. Дэлхий нийтэд анх 1980-аад онд Европт цөсний хүүдийг  дурангаар авч эхлэн Герман, Франц, АНУ-аар дамжин Азид орж ирсэн. Монголд 1994 онд анх цөсний хүүдийг дурангаар авах мэс ажилбарыг I эмнэлэг дээр Г.Нямхүү, А.Отгондалай, С.Нэргүй эмч нар хийж байсан түүхтэй.

Өнөөдөр цөсний оношилгооны асуудал нарийн болсон. Хуучин шиг судсаар тодосгогч бодис тарин рентген гэрэлд хардаг байсан үе өнгөрсөн. Хамгийн наад зах нь ЭХО-д хараад оношилж байна. Түүнчлэн компьютер, MRI зэрэг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж их болсон учраас цөсний хүүдийн үрэвслийг баталгаатай нарийн оношилж чадаж байгаа. Тиймээс оношилгоон дээр суурилан хэдийд цөсний хагалгаа хийх, эмээр эмчилж байгаад дараа нь хагалгаа хийх зэрэг олон төрлийн арга зам бий.

-Цөсөө авхуулсны дараа өөх тостой хоол идэж болдоггүй гэж ярьдаг?

-Хүн бүр адилгүй. Зарим хүн цөсөө авхуулаад ямар нэгэн эрсдэл, зовиургүй явдаг. Миний ажигласнаар тодорхой хугацаанд зарим хүний хоол боловсруулах эрхтэн хямардаг. Нойр булчирхай, ходоод, гэдэс, элэг, цөс бол нэг нэгнээ дэмжин хоорондоо харилцдаг. Хэрвээ цөс өвддөг бол элэг, ходоодны архаг үрэвсэлтэй байж болно. Цөсөө авхуулснаар энэ бүх эрсдэл багасна. Нойр булчирхайн архаг болоод хурц үрэвслийг үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол цөсний хүүдийн чулуурхаг үрэвсэл юм.

-Иргэд цөс өвдлөө гээд гэрийн аргаар угаах гэдэг. Хүн бүр цөсөө угааж болох уу?

-Орчин үед эм уун цөсөө хөөлгөдөг болсон. Гэхдээ ялгаа байна. Цөсний хүүдий хурц өвдсөн тохиолдолд цөсөө угааж болохгүй. Цөс өвдөөд хавагнасан, цөсөндөө чулуутай хүн цөсөө угаавал хурц үрэвсэл үүсэх магадлалтай учраас цөсөө угааж болохгүйг ойлгох хэрэгтэй.

-Цөсний хүүдийд байрласан ургацаг гэж яриад байдаг нь ямар учиртай юм бэ?

Цөсний хүүдийн ургацаг бол хавдрын урьтал өвчин. Цөсний хүүдийн салстаас ургадаг. Энэ нь цаашаа даамжран цөсний хүүдийн булчинлаг давхаргыг хамран томрохоор цөсний хүүдий өвдөнө, зовуурь илэрнэ. Тиймээс нэг см-ээс дээш ургацагтай хүмүүст цөсний хүүдийг авхуул гэж зөвлөдөг. Уг ургацаг хавдар болох эрсдэлтэй. Харин нэг см-ээс дотогш жижиг өвдөлт, зовуурь өгдөггүй ургацагтай бол ажиглан хянаад явж бай гэдэг.

-Энэ төрлийн өвчлөлөөр хэд орчим насныхан их өвдөж байгаа бол. Мөн хүйсийн ялгаатай байдал ажиглагддаг уу?

Эмэгтэйчүүд их өвддөг. Голдуу настай хүмүүст цөсний үрэвсэл их тохиолддог.

-Цөсний үрэвслээс хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга юу вэ?

-Хоол, хүнсээр урьдчилан сэргийлж болно. Элэг, нойр булчирхай, цөс, ходоод, гэдэсний замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол зөв хооллолт юм. Хоол, хүнсээ зөв хэрэглэснээр цөсний үрэвслээс бүрэн сэргийлэх боломжтой.

Цөсний замын ямар нэгэн зовуурьтай л бол иргэд манай “Мөнгөн гүүр” эмнэлэгт хандаж эмчилгээ үйлчилгээ хийлгэж болно.

Eagle.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК