“Аутизм” сэтгэцийн эмгэг биш хөгжлийн эмгэг

Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна. Өдрөөс өдөрт аутизмын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа энэ үед мэдлэгээ дээшлүүлж, тэднийг ойлгон хайрлаж, хамтдаа урагш тэмүүлэн амьдрахыг Монголын Аутизм судлалын хүрээлэнгээс олон нийтэд үргэлж л уриалж байдаг билээ. 

Нийгэмд аутизмтэй хүүхдийг тэр бүр шууд хараад таньдаггүй. Манай улсад одоогоос таван жилийн өмнөөс эл эмгэгийг таниулж, мэдүүлэх ажлыг эрчимжүүлсэн байдаг. Аутизм  бол өвчин биш. Аутизмын хүрээний эмгэг гэсэн албан ёсны нэршилтэй. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Хүний амьдралын гурав хүртэлх насанд илэрдэг энэхүү эмгэгийг Монгол Улсын хэмжээнд маш цөөхөн эмч мэдэж, оношийг тогтоодог аж.

-Аутизмын эмгэгтэй хүүхдийг эрх нь дэндсэн гэж эндүүрдэг-

Аутизм гэхээр шууд л гаднаасаа ямар нэг байдлаар танигдах байх гэж бодвол эндүүрэх. Харин энэ чинь эрхэлчихсэн хүүхэд байна даа л гэж ихэнх тохиолдолд харагдана. Тэр хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна, зарим нь 4-5 нас хүрсэн ч ярихгүй, зарим нь ойлгогдохгүй хэлээр шулганах зэргээр өөрсдийгөө ойлгуулдаг юм байна. Энэ талаар “Том охин маань аутизмтай. Анх хүүхдээ аутизмтай гэдгийг мэдэхгүй анхаардаггүй байлаа. Охин маань ч утас, компьютер гэх мэт техник технологийн зүйлсд их адтай учрыг нь гялс олдог. Түүнийг нь хараад охин маань суут ухаантан, онцгой нэгэн гэж боддог. Ингээд охин маань цэцэрлэгт орлоо. Багш нь танай хүүхэд нэг л өөр байна. Магадгүй аутизмтай байж магадгүй гэхэд нь ч итгээгүй. Нэг өдөр охин маань ханиад хүрээд “Zint” клиникийн эмчид үзүүлээд анх аутизмтай гэж оношлогдсон юм. Мэдээж бидний асуусан ганц асуулт “эдгэх үү” гэж асуусан. Гэвч аутизмд эдгэх, эмчлэх гэх асуудал байхгүй. Ердөө л хөгжүүлэх, дадалжуулах л гэж байдаг юм билээ. Ингээд бараг нэг жил охиноо аутизмтай гэж хүлээн зөвшөөрч чадахгүй, үгүйсгэж явсаар охиноо гурван настай байхад нь СЭМҮТ-д албан ёсоор оношлуулж байсан юм. Одоо үүндээ үнэхээр их харамсдаг. Магадгүй эрт оношлуулж мэдсэн бол арай их дадлуудыг охиндоо зааж охин маань одоо арай их зүйлсийг мэдсэн байх байсан. Одоо мэдээж цаашид урагшаа харж, ирээдүйг нь бэлтгэх гэж хичээж байна. Мэдээж бидэнд багагүй бэрхшээл тохиолдоно. Жишээлбэл, Охин маань юу авахыг хүснэ, юу хийхийг хүснэ түүнийгээ хийж байж л санаа нь амарна тэгэхгүй бол жинхэнэ шоу хийнэ. Мэдэхгүй хүн харвал эрх нь дэндсэн гэмээр. Нэг удаа ээлжит шоу нь эхлээд 3-4 цаг орилоод хөршүүд хүүхдийн хүчирхийлэл гээд цагдаа дуудсан ч удаа бий. Тэгэхээр аутизмтай хүүхдийн өөрийнх нь бүтээсэн тэр ертөнцийг яг тэр хэвээр нь цаашид хөгжихөд нь туслах ёстой болохоос өөрийнхөөрөө хэн нэгний хүслээр өөрчлөхийг оролдоод ч хэрэггүй юм билээ” гэж нэгэн аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Аутизмын эмгэгийг  үнэлгээ хийлгэснээр танин мэдэхүйн төвшин, оюун ухааны чадвар зэргийг тодорхойлдог чаддаг байна. Ингэснээр хүүхэд бүрт тохирсон санал, зөвлөмжийн дагуу багш, эцэг эх хүүхэдтэй тохирсон арга барилаар ажилладаг гэдгийг мэргэжлийн хүн онцлов.

Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй байх, хүний нүд рүү харж харилцахгүй байх зэрэг нь хамгийн түгээмэл шинж. Үүнээс цаашилбал хэт давтагдсан хөдөлгөөн хийх, хэл яриагүй байх, орчны өөрчлөлтөд хямрах зэргийг дурдаж болох юм. Аутизмтай хүмүүсийн 30 хүртэлх хувь хэл яриагүй байдаг гэсэн судалгаа бий.

-Эдгэнэ гэж байхгүй давуу талыг нь маш сайн хөгжүүлэх хэрэгтэй-

Энэ эмгэгтэй нүүр тулсан хүн бур ингэж өөрөөсөө асуудаг гэнэ. Яагаад заавал миний хүүхэд гэж, ямар төвшин юм бол, яавал эдгэх бол гэхчлэн. Манай улсад өнгөрсөн оны байдлаар 470 орчим албан ёсны оноштой хүүхэд байдаг тэдгээрээс 100 гаруй нь үнэлгээ хийлгэж төвшингөө тодорхойлуулсан байна. Төвшин тодорхой болсноор эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, хөгжүүлэх арга барилаа олдог байна. Дэлхий дахинд эдгэрэх гэдэг ойлголт одоогоор байхгүй аж.

АНУ-д 58 төрөлт тутмын нэг нь аутизмтай байгаа бол энэ тоо жил ирэх бүр ХДХВ, чихрийн шижин өвчний илрэлээс илүү хурдтай өсөж буй судалгааг “Autism Speaks” байгууллагаас гаргажээ. Тэгэхээр эм уух, эдгэрэх гэдгээс илүү хөгжүүлэх, зааж сургах гэдэг ойлголт давамгайлдаг байна.

“Аутизм зарим үед хүүхдийн сэтгэхүй, хэл ярианд хүчтэй нөлөөлж харин заримд нь арай сул нөлөөлөх зэрэг хүүхдийн сэтгэц, оюун ухааны байдлаас хамааран өөр байдаг. Аутизмтай хүүхдүүд бол хорвоо ертөнцийг биднээс арай өөрөөр хүртдэг хүүхдүүд. Тэдний хувьд шинэ зүйл, өөрчлөлттэй тулгарах нь хэцүү байдаг. Харин эргэн тойрныхон нь тэднийг өөрчлөх гээд байдаг нь улам хүнд байдал үүсгэдэг. Тэднийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн том чухал асуудал юм. Энэ бол сэтгэцийн эмгэг биш хөгжлийн эмгэг гэдгийг ойлгох хэрэгтэй” Сэтгэлзүйч Г.Энхжаргалан онцлов.
Аутизмын оношлогооны тухай болоод шинж тэмдэг зэргийг илүү дэлгэрэнгүй мэдэхийг зорьж байвал энд дарж уншаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК