Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн  “Leaderships forum” булангийн зочноор АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урилаа.

-Манай улс анх удаагаа их сургуулийнхаа дэргэд эмнэлэгтэй болж байна. Багш, оюутнуудад асар их боломж нээгдэж байгаагаас гадна АШУҮИС олон улсын төвшинд өрсөлдөх боломж бүрдэж байна. Тиймээс шинэ бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар ярилцлагаа эхэлье?

-Манай хамт олон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусад улс орны их, дээд сургуулиудын хурдацтай хөгжлийн туршлагыг өөрийн онцлогт тулгуурлан нутагшуулж хугацаа товчлох, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, сургуулийн санхүүгийн бие даасан байдал бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэдлэг, ур чадвар,  ёс зүйтэй  эмч, мэргэжилтэн бэлтгэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхийн төлөө нэг цул баг болон хүн бүр хичээн ажиллаж байна. Багш, ажилтан ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарч цалинг 10-15 хувь, тэтгэлэг, тэтгэмжийг 20-30 хувь нэмлээ. Анагаахын суурь боловсролын дамжааны ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нарын цагийн ачаалалд бататгах цагийг тооцдог болгож, багш ажилтнуудын чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлдөг болголоо. Анагаах ухаан, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилга болох А,Б блокийн барилгыг барьж дуусгаад ашиглалтанд хүлээн авч, одоо үйл ажиллагаа нь жигдрээд явж байна.          А,Б блокийн барилгын гүйцэтгэгч компаниудад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас акт тавигдсан. Яагаад тавигдсаныг бүгд мэдэж байгаа. Монгол Японы сургалтын эмнэлгийн барилгын ажил 602 хоногоор хоцорч, энэ оны есдүгээр  сард хүлээж авах байсныг зургаан сараар нааш татан ЖАЙКА болон барилгын зөвлөх компани “Ямашита Секе”, АШУҮИС хамтран ажлын шинэ төлөвлөгөө гаргаж ажилласны хүчинд дөрөвдүгээр сарын 1-нд барилгаа хүлээж авахаар хичээн ажиллаж байна.

-Монголчууд “Саалиа базаахаар саваа бэлд” гэж ярьдаг.  АШУҮИС-иас шинэ эмнэлэг ашиглалтад орохын өмнөх  бэлтгэл ажлыг бас чамгүй хангаж ажиллаж байгаа юм байна. Одоо цаана нь дахиад оюутны байр, номын сан, спорт цогцолбор барих гээд төлөвлөсөн ажлууд их бий. Хөрөнгө оруулалтын ажлууд хэр цэгцэрч байна вэ?

– Бид Их сургуулийг кампус хэлбэрээр хөгжүүлэх үйл ажиллагааг манлайлж, 1200 оюутны дотуур байраа энэ онд дуусгаж, хамгийн орчин үеийн шийдэл бүхий номын сан, спортын ордныхоо барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн дээрх барилгуудын гадна шугам сүлжээ, дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж гүйцэтгэнэ. Энэ сарын 9-ний өдөр БСШУСЯ -ны  удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн амжилтай зохиогдлоо.  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ жилийг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгож, эрх зүйн шинчлэл, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил болгож байгаагаа хэлж үр ашигтай, бүтээмжтэй  ажиллахыг нийт салбарынхандаа уриалж, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд анхаарч ажиллана гэж хэлсэн. Тиймээс  С, D блок буюу Сувилахуй, Нүүр ам судлал, Эм зүйн сургуулиудын байрны төсөв  мөнгөний асуудал нааштай шийдэгдэхээр болж байна. Багш оюутнуудынхаа сурч боловсрох, ажиллах орчныг  сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Эрдмийн сургуулийн байрны засварын ажил удахгүй дуусаад ашиглалтад орно. Мөн өөдлөх айл үүднээсээ гэж төв сургуулийнхаа гурван үүдийг хөрөнгө оруулалт олж засаж янзаллаа. Сургуулийн хаягийг өөрчилж, гэрэлтүүлэгтэй болголоо, хөрөнгө оруулалт олж гаднаа лед дэлгэц тавьж өөрсдийн мэдээллээ нийтэд хүргэх боломжтой боллоо. Оюутнууддаа суух, хичээл давтах зай талбайг тохижуулж засаж янзаллаа, бүх ариун цэврийн өрөөнүүдээ шинэчилж заслаа. Сургууль дээр гарал үүсэл нь мэдэгдэхгүй шарсан хуурсан, хоол хүнсний зүйл зардаг байсныг таслан зогсоож эрүүл хоол хүнсээр хангах тал дээр анхаарч ажиллаа.

Хөрөнгө оруулалт олж Био анагаахын сургуулийн нэг давхарын болон ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажил хийгдэж байна. Төв сургууль дээр байрладаггүй багш нар маань ирэхээр уулзалт хийх, хүлээх газар байдаггүй. Тиймээс багш нартаа зориулсан орчныг бүрдүүлж ажиллахад нэлээд анхаарч ажиллалаа.

-Энэ сард танай сургуулийнхан “Агаарын бохирдол-эрүүл мэнд” гэсэн эрдэм шинжилгээний том чуулган зохион байгуулна гэж байсан. Өнгөрсөн намар Монголд хүрэлцэн ирсэн эрдэмтэд, Нобелийн шагналтнууд хүрэлцэн ирнэ гэсэн үү. Энэ талаар та товчхон мэдээлэл дуулгаач?

-Ойрын үед хийх гэж байгаа ажлын төлөвлөгөөнөөс гэвэл, гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний чуулганыг АШУҮИС дээр зохион байгуулах гэж байна. Тус хуралд Нобелийн шагналт нэрт эрдэмтэн Кирк Смит бидний урилгаар ирж үндсэн илтгэл тавина. Бид тархи  судлалын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Проф Мозер тэргүүтэй дэлхийн шедевр болсон эрдэмтдийг оррлцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн оны есдүгээр сард зохион байгуулсан. Ингээд хоёр дахь Нобелийн шагналтан манай сургууль дээр ирэх гэж байна. Ирэх дөрөвдүгөөр сард бид тэр чигээрээ шинжлэх ухаанаар амьсгална. Эрдмийн чуулганаа хийнэ. БНХАУ-ын тархи судлалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч дэлхийн нэрт эрдэмтэн проф. Му Минг Пуу, БНХАУ-д гуравт ордог Шанхайгийн Жиаотон их сургуулийн Ерөнхийлөгч Проф. Гуо Чан Чен  нар манай эрдмийн чуулганд оролцоно. Энэ нь анх удаагаа манай эрдмийн чуулганд гадаадын нэр хүндтэй эрдэмтэд оролцож байгаа юм. Мөн ирэх зургадугаар сарын 17-нд Их сургуулийнхаа эмнэлгийн нээлтийг хийнэ. Азийн анагаах ухааны их сургуулиудын консерциумын хурал санаачлан зохион байгуулах, төгсөлтийн шалгалт,  Тайваны Чинкуны үндэсний их сургууль, Тайпей анагаах ухааны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулна гээд тоочоод байвал бидэнд, манай хамт олонд  хийх зүйл маш их байна.

-Манайханд нэг шүүмжлэл байдаг. Өвөл болохоор өвөлжин агаарын бохирдол, утаа гэж яриад, урин дулаан орохоор энэ асуудлаа мартчихдаг. “Агаарын бохирдол” гэсэн сэдвээр АШУҮИС эрдэм шинжилгээний чуулган зохион байгуулж байгаа нь нүдээ олсон сэдэв байна. Эндээс олон шийдлүүд гарах байх?.

-Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухай өвөл болохоор аль эсвэл улс төрийн сэдэв болгон хэн хүнгүй ярьдаг боловч яг судалгаанд суурилсан бодлого, ялангуяа хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар Монгол төрийн баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл тэр болгон ард түмэнд үнэн зөвөөр хүрдэггүй нь үнэн. Гэтэл манай улс агаарын бохирдлын талаар богино хугацаанд чамлахааргүй судалгаа шинжилгээний болон агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг сануулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Анх хотын утаа хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 2004 оноос ихэссэн боловч 2011 онд “Таймс” сэтгүүлийн жагсаалтаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орсон гэсэн мэдээ хүн бүрийг цочроосон тэр үеэс л агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тэр ондоо Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй, иргэнийг урамшуулах журам батлагдаж, БОАЖЯ-ны дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдаж байсан бөгөөд “Мянганы хөгжлийн сан”, “Мянганы сорилтын сан” тус тусдаа “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнээс гадна Нийслэлийн дэргэд Агаарын бохирдлыг бууруулах газар, Цэвэр агаар сан байгуулагдаж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байснаас гадна 2012 онд Агаарын тухай хууль, 2017 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр батлагдсан бөгөөд утаагүй зуух, сайжруулсан шахмал түлш, цахилгааны хөнгөлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр зэрэг олон арга хэмжээг авч байсан. УБ хот 2011 оноос хойш агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орж байснаа 2018 онд 12-т орж ахиц гарч  байна.

-Та тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх тухай  сонирхолтой ярилцлага өгсөн байсан. Сүүлийн үед агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж их ярьдаг болсон. Чуулганаар энэ асуудлыг бас чухалчлан ярих байх?

-Өнөөдөр бид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх аюулыг хэтэрхий дутуу үнэлээд байх шиг. Агаарын бохирдол 2000-аад оноос эхэлсэн гэж үзвэл бүхэл бүтэн хүний нэг үе байнгын бохирдолттой орчинд өсөж одоо насанд хүрсэн байна. Тоосонцорууд нь цусанд шууд нэвтэрч, эд эрхтэнүүдэд үрэвсэл үүсгэх аюултай бөгөөд цус-тархины хоригийг гэмтээж тархи мэдрэлийн эдэд өвчлөл үүсгэдэг.Энэ нь ялангуяа хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээснээр танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх, оюун ухааны хөгжлийн хоцрогдолд хүргэх зэргээр насан туршийн эргэлт буцалтгүй сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоод байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг, газрын гадаргатай илүү ойрхон амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Үүнээс гадна дугуйны хаймар, түүхий нүүрс, хог зэргийг шатаахад үүсдэг олон цагирагт үнэрт гидрокарбонатууд, магнетит, хар тугалга зэрэг хорт бодисууд уураг тархинд сөнөрөл үүсгэдэг. Товчоор хэлбэл агаарын бохирдол хүүхдийн IQ -г бууруулдаг, том хүнийг тэнэгрэлд хүргэх аюултай нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоод байна. Манай орны уур амьсгалын эрс тэс байдал, өвөл нь маш хүйтэн бас агаар хуурай болдог учраас агаарын бохирдолтой хавсрахаар амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод удаж байна.

Тиймээс бид цаашид төрийн удирдлага, эрүүл мэнд ба эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүний түвшинд агаарын бохирдлыг бууруулах буюу уг бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд нэн даруй авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг судалгаанд суурилсан баримт, мэдээллээр хангах зорилготойгоор энэхүү салбар дундын эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Бусад улс орны агаарын бохирдлыг бууруулах туршлагыг харж байхад манай улсад авч хэрэгжүүлмээр, суралцмаар зүйл юу байдаг бол. Агаарын бохирдлыг бууруулах талаар бид чамгүй олон ажлыг хийлээ. Ахиц төдийлөн гарахгүй байх шиг?

-Бид Засгийн газрын   2017-2025 онд хэрэгжих  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн үр дүнд агаар бохирдуулагч эх үүсвэр  80 хувиар  багасан, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглосноор агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулах боломжтой талаар судлаачид ярьж байсан. Сайжруулсан зуух хөтөлбөр хэрэгжсэний дараа эсгий гэрт сайжруулсан зуух болон уламжлалт зуух хэрэглэж буй айлуудад харьцуулсан судалгаа хийхэд сайжруулсан зуух хэрэглэж буй айлын агаарын чанар бараг ялгаагүй үр дүн гарсан. Ер нь манай уламжлалт орон сууц болох эсгий гэрийн агаарын чанар орчин үеийн буюу байр сууцны чанараас 2-3 дахин муу байдаг бөгөөд өвлийн улиралд утаанаас үүдэлтэй хүхрийн ба азотын исэл буюу хорт бодисууд гэр хороололд ихэсдэг болохыг судалгаагаар нотолсон байдаг.

Ганц манайх гэлтгүй бүх л аж үйлдвэржсэн улс, томоохон хотууд бидэн шиг зовлонг туулж ирсэн. Жишээ нь, Лондон хотын туршлагаас харахад IX зуунаас эхлээд нүүрс хэрэглэдэг томоохон үйлдвэрүүдээ хаах, хотын төвөөс холдуулах арга хэмжээ авч байгаад 1952 оны таван өдрийн гамшигт агаарын бохирдлын үеэр 12 мянган хүн нас барсан эмгэнэлт явдлын дараа хувийн байшинд зөвхөн өндөр яндантай камень зуухнаас бусад зуух хэрэглэхийг хориглох, өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хуучин машинуудыг хэрэглэхийг хориглох, шинээр үйлдвэрлэх машины янданд шүүлтүүр тавих, хотын зарим дүүргүүдийг утаагүй бүс болгох зэрэг зоримог арга хэмжээнүүдийг авснаар харьцангуй сайжирсан гэж үздэг юм билээ. Тэнд анх 1875 онд агаарын бохирдлыг бууруулах хууль батлагдсанаас хойш 10-аад удаагийн шинэчлэлт хийгдэж байна. Лондонгийнхон одоо ч утаанаас болж жил бүр 10 мянган хүнээ алддаг учраас агаарын бохирдлын эсрэг идэвхтэй тэмцсээр байгааг нь 2018 онд ЕБС-ийн 50 сургуулийн агаарын чанарыг сайжруулахын тулд 1 сая паунд зарцуулж байна гэж мэдэгдэж байгаагаас нь харж болох юм даа.

-Монголчууд агаарын бохирдлоос салахын тулд олон аргыг туршиж үзэж байна. Мөн шинээр дэвшүүлж буй санаанууд ч цөөнгүй байна. Нүүрсээр бус эрчим хүчээр дулаанаа хангах, гэр хорооллоо орон сууцжуулах, салхин сэнс ашиглах гээд. Танд ч бас бодож явдаг шинэ санаа бий байх?

-Гадны улс орны туршлагуудыг харж байхад, Лаос улсын туршлага сонирхолтой санагддаг. Лаос улсын хувьд,  технологийн дэвшлийг ашиглан нүүрс түлэхгүйгээр шийдсэн бөгөөд одоо эрчим хүчний хэрэглээгээ усан цахилгаан станц ба бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангаад зогсохгүй гадагш экспортолж байна. Манайх бас төр ба хувийн хэвшлийг эрчим хүч ялангуяа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж үнийг чөлөөлөх, татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуйн нэгж тэр байтугай өрх бүрийн үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авах, түгээх сүлжээ байгуулах зэргээр эрчим хүчний бодлогоо шинэчилвэл бид энэ агаарын бохирдол гэгч асуудлаас амархан гарчихна. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 8 терра салхины сэргээгдэх эрчим хүч, 5 терра нарны сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа гэсэн судалгаа байдаг. Одоо нэгэнт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох түүхэн шийдвэр гарсан учраас энэ дэвшилтэт зорилтыг цааш нь өмнө нь манайд тохиолдож байсан сайжруулсан түлштэй холбоотой нэлээдгүй бараан түүхийг давтахгүйг хичээж, сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү хөрөнгө оруулалт хийх, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэж бодогдож байна.

Нөгөө талаар хот, гудамж талбай, орон сууцны зохион байгуулалтыг анхнаас нь дэвшилтэт технологи ашиглаж аль болох ашигтай хийж болдог юм байна. Жишээ нь саяхан Японы Дайчи их сургуульд зочилж байхад тэд сургуулиа анхнаасаа эко сургууль болгоно гэж төлөвлөөд цахилгаанаа нарны эрчим хүчээр, усны хэрэглээгээ борооны усаар, өрөөний агааржуулалтаа далайн эрэг орчмын салхины урсгалыг ашиглаж хийхээр тооцоолж байршлыг сонгосноор шийдсэн гэдгээ сонирхуулсан. Тэнд гудамжны асфальтан зам нь борооны усыг шууд нэвтрүүлж цуглуулаад газар дор байрлах усан санд хуримтлуулж хэрэглэдгийг нь сонсоод дээр нь алхаж явахдаа зун бүр л үерт автаж байдаг хотынхоо замыг өөрийн эрхгүй санаад харамсалтай санагдсан. Манайх шиг өвөл нь хүйтэн, урт үргэлжилдэг, хавар нь салхи шуурга ихтэй улс барилга, хот төлөвлөлт дээрээ анхаарвал бас нэлээд асуудал шийдэгдэх байх.

Гэхдээ агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал, бид бүхэн өөрсдөө хийж чадах хамгийн энгийн арга бол хувь хүний хариуцлагыг сайжруулах арга юм. Өрх айл бүр гэрийнхээ агаарын чанарт санаа тавьдаг байх тал дээр соён гэгээрүүлэх ажиллагаа хийх шаардлагатай байна.

-АШУҮИС бол эрдэмтэн, профессор багш нараас бүрдсэн чадварлаг сайн багтай сургууль. Агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг судалсан даацтай судалгаанууд байдаг байх. Ер нь утааг бууруулах ямар гарц гаргалгаа харагдаж байна?

-АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үр дагаварын талаар нэлээдгүй судалгаа хийсэн одоо ч хийж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын нөлөөтэй нас баралт, өвчлөл, ургийн эндэгдэл, дутуу төрөлт, амьдралын чанарын өөрчлөлтийн тухай судалгаанууд хийгдсэнээс гадна зөвхөн гадаах агаарын чанар бус гэр доторх агаарын чанарыг нарийвчлан судалж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл 2024 он гэхэд агаарын бохирдол 40-80 хувиар буурах боломжтой болохыг судалж тогтоосон. Энэ нь түүхий нүүрсний хэрэглээг хориглох, сайжруулсан түлш хэрэглэх, цахилгаан станц шинээр байгуулах, эдийн засгийн тогтмол өсөлтийг хангах зэрэг бодлогуудыг тууштай дэмжвэл хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эрс сайжрахаар байгааг тооцоолсон судалгаа юм. АШУҮИС нь зөвхөн агаарын бохирдол гэлтгүй стресс бухимдлын шалтгаант эмгэгүүд, хорт хавдар, зүрх судасны эмгэгүүд, донтолт, амиа хорлолт зэрэг манай нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шинжлэх ухааны арга аргачлалаар судлан шинжилж эдгээр эмгэгүүдийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд, оношлогоо эмчилгээ, ялангуяа урьдчилан сэргийлэх арга технологиудыг эрүүл мэндийн болон боловсролын салбарт нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

-2015 онд АШУҮИС, БСШУСЯ-аас санхүүжилтийг нь гаргаад, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Цөм” лабораторитой болсон. Багш, оюутнуудад олон боломжийг нээж өгсөн байх. Ер нь бидний хэрэглэж буй технологи, судалгааны лабораторийн чанарын үзүүлэлт ямар байна?

-Аливаа сургуулийн цөм лаборатори нь судлаач бүрт шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан, судлаач нарт ажиллах орчныг бүрдүүлсэн, байнгын сургалтаар хангадаг, инженер техникийн мэргэжлийн ажилчид бүхий орчин үеийн салбар дундын лаборатори буюу жинхэнэ утгаараа судалгааны лаборатори байдаг. Харин манай сургуульд байгуулагдсан лаборатори нь анхнаасаа мэргэжилтнүүдээ бэлтгээгүй байж хэт өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг судалгаагүйгээр худалдаж авчихаад “Цөм лаборатори” гээд нэрлэчихсэн байсан. Азийн хөгжлийн банкнаас Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төслөөс  АШУҮИС-д 4.4 тэрбум төгрөг дээрээс нь АШУҮИС өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаад нэг тэр бум төгрөгийг нэмж гарган нийт 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрмжийг 2015 онд худалдаж авсан юм билээ. Эдгээр аппаратууд нь огт хэрэглэгдэхгүй ихэнх нь эвдэрчихсэн, тэдгээр аппаратуудыг ажилуулж чадах мэргэжилтэн байтугай техникийн дүгнэлт гаргачих инженер манай улсад алга. Уг нь манай сургуулийн эрдэмтэн судлаачид хэрэгцээндээ нийцсэн лабораторийн тоног төхөөрөмжийг авах саналаа тухайн үеийн удирлага буюу Батбаатар захиралд тавьж байсан боловч Монгол Улсад байтугай дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглэгдэх боломжоор хомс дэлхийд зургаахан ширхэг үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжийг авч нэгд улсын хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарж хохиролд оруулж, хоёрт огт ашиглагдахгүй тоног төхөөрөмж авч судлаач эрдэмтдийн ажлыг боймолсон маш хариуцлагагүй, буруу ажиллагаа болсон байсан.

Жишээ нь манай сургуулийн судлаач нар ашиглаж чаддаг 600 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсын “Nikon” фирмийн микроспийг худалдан авах хүсэлт тавьж байсан байхад АНУ-д хийсэн дэлхийд зургаан ширхэг үйлдвэрлэгдсэн гурав дахин үнэтэй микроскопийг авсан байна. БСШУСЯ-наас явсан шалгалтаар Батбаатар захиралд нийт 2.3 тэрбум төгрөгийг эргүүлэн нөхөж төлөх акт тавигдсан байгаа нь үнэн. Шинжлэх ухааныг бодлоготойгоор хөгжүүлэх ёстой, үгүй бол иймэрхүү алдаанд хүрч болдог гэдгийг харуулсан тод жишээ болоод байж байна. Бид одоо дахиж иймэрхүү алдаа хийлгүйгээр урагшаа тэмүүлж, судлаач нартаа эрдэм шинжилгээний ажил хийхэд нь тухтай, тохиромжтой орчинг бүрдүүлэх болно.

-АШУҮИС 2024 он хүртэлх хөгжлийн бодлогоо гаргаж, “Азийн топ 100 сургуулийн нэг болно” гэж зорилгоо тодорхойлсон. Энэ хүрээнд ямар ажлуудад онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-АШУҮИС-ийн хөгжлийн бодлого нь эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зэрэг хүргэдэг, дэлхийн түвшний шинжлэх ухааны мэдлэг, технологийг хуримтлуулах, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх боломжтой судалгаанд суурилсан их сургууль болж хөгжихөд чиглэнэ. Орчин үед шинжлэх ухаан, технологийн хөгжил нь дэлхийн улс орнуудын үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийн гол баталгаа болж байна. Одоо өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаан, технологийн хөгжилд зарцуулах хөрөнгө, санхүүжилт тасралтгүй нэмэгдэж, шинжлэх ухаанд суурилсан нийгмийн шинэчлэл асар хурдацтай явагдаж байгаа учраас тэдгээр өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөх түвшинд эрдэм шинжилгээний бүтээл гаргах, боловсрол олгох, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бодлого, хүний нөөц, технологийн шинэчлэлт, системийн өөрчлөлтийг хэр хурдтай нэвтрүүлэхээс шалтгаалж байна. Уржигдар болсон БСШУСЯ-ны Улсын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл ДНБ-ний дөрөв гаруй хувийг  БНСУ шинжлэх ухаандаа зарцуулж байна. Харин Монгол Улс сүүлийн зургаан жилийн байдлаар 0.21 хувиас 0.10 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй байгаа нь амь зогоох хэмжээнд байна, хэрхэн энэ бага төсвөөр үр ашигтай ажиллах вэ гэдэг асуудал тулгарч байна гэж илтгэлдээ дурьдсан. Ямарч байсан манай төр засаг судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог үүсгэн байгуулах хөтөлбөрийг баталсан нь маш чухал, цаг үеээ олсон, сайшаалтай хэрэг юм.

Одоо бид сургуулийн дотоод дүрэм, журамд шаардлагатай өөрчлөлтийг хийж судлаач, багш нарт ээлтэй, академик эрх чөлөөг хамгаалсан, судалгаа шинжилгээний ажлыг дэмжсэн эрхзүйн орчинг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд бидэнд бодлогын гурван шинэчлэлт хийх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс хамгийн чухал нь судлаачийн буюу төслийн удирдагчийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу нэвтрүүлэх шаардлагатай. Судалгааны санхүүжилтээс хуримтлал үүсгэх журам, судалгааны хүрээлэн, төв, лаборатори байгуулах журам, судалгааг дэмжих сангийн журам, судалгааны ажлыг үнэлэх, урамшуулах журам гэх мэт судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд шаардлагатай журмуудыг хэрэгжүүлснээр төслийн удирдагч нь төсөлт ажлуудыг удирдах, судалгааны ажилдаа цагаа зарцуулах, олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх, редакторын үүрэг гүйцэтгэх, санхүүжилт олох, сургалт зохион байгуулах, хичээлийн цагаа төгсөлтийн дараах сургалтад шилжүүлэх, төгсөлтийн өмнөх сургалтаас чөлөөлөгдөх зэрэг эрх үүргийг эдлэх орчин нөхцөл нь бүрдэх юм.

-Судалгаанд суурилсан их сургууль болохын тулд багшийн хөгжлийг бодлогоор дэмжих хэрэгтэй байх. Үүний үр дүнд бид сургалтын чанар, судалгааны ажилдаа ахиц гаргана. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Бидний дараагийн чухал алхам бол багш, судлаачид маань амжилтанд суурилсан үнэлгээгээр ажилд ордог, гүйцэтгэлээ хянуулдаг, албан тушаалын зэрэглэлээ авдаг, цолоо авдаг, хариуцлагаа ч тэр урамшууллаа ч тэр тооцуулдаг цогц  журмыг боловсруулан хэрэгжүүлэх юм. Ингэж хүний нөөцийн тогтолцоог амжилтанд суурилсан буюу олон улсын жишигт хүргэснээр судалгааны ажлыг эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн академик тенур тогтолцоо буюу профессорын тенур тогтолцоо нь бидний хөгжлийн бодлогын тулгын гурван чулууны нэг байх болно. Бид АШУҮИС-ийн профессорууддаа Монгол Улсын боловсрол, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж насан туршид нь профессорын тэтгэлэг олгох тогтолцоог энэ оны нэгдүгээр сараас нэвтрүүлж 41 профессорууддаа олгоод байна.

Цаашид АШУҮИС-д шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр судалгааны хүрээлэн, төвүүдийг үүсгэн байгуулж, нарийн мэргэшсэн чадварлаг эрдэмтэн, судлаачдыг ажиллах боломж олгон, академик эрх чөлөө, тогтвортой үйл ажиллагаагаар хангаж ажиллана.

 

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК