АШУҮИС эмнэлэгийн барилгаа хүлээн авахад бэлэн болоод байна

Хотын төвлөрлийг бууруулах оновчтой шийдлийн нэг нь их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх хэмээн тодорхойлоод байгаа. Энэхүү ажлын эхлэлийг АШУҮИС-ийн хамт олон  хэдийн хэрэгжүүлж эхлээд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 8 га газарт сургалтын цогцолбор бүхий байгууламжийн их ажлыг өрнүүлсээр байгаа билээ.

Тус цогцолборын эхний байгууламжууд болох сургуулийн А,Б блокийн барилгыг 2018 оны 12 сард улсын комисс хүлээж авч, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Энэхүү цогцолбор ажлын гол бүтээн байгуулалт нь “Их Сургуулийн Эмнэлэг”.

Уг эмнэлгийг Монгол, Япон улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Эмнэлгийн барилгын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд ашиглалтад оруулж, барилгаа хүлээн авахаар болоод байгаа ажээ.

Энэ талаар АШУҮИС-ын Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зоригоос тодруулсан юм. Тэрбээр: “Бид  хотын төвийн төвлөрлийг бууруулах зорилгыг тавьж байгаа ч, цаашдаа дэлхийн жишигт нийцсэн их сургуулийг бий болгохоор ажиллаж байна. Дэлхийн их сургуулиуд кампус байдлаар хөгжиж байгаа. Кампус байдалд шилжсэн анагаахын их сургуулиуд  хажуудаа сургалтын эмнэлэгтэй байдаг. Иймээс бид сургуулиа цогцолбор байдлаар хөгжүүлэхээр сүүлийн хоёр жил бүтээн байгуулалтын ажил хийж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа энэ цогцолбор газарт 12 объект байна гэж төлөвлөөд байгаа. Ингэснээр сургалтын орчинг нэг дор төвлөрүүлж,  дэлхийн жишигт нийцүүлэх боломж үүснэ. Монгол улсад анх удаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаагаараа онцлог. Бид өмнө нь улсын болон бусад эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, оюутнуудаа дадлагажуулдаг байсан. Харин одоо сургалтын эмнэлэгтэй болж байна. Энэ бол дэлхий жишигт нийцсэн сургалтыг бий болгож, чадвартай эмч мэргэжилтэнг улсдаа бэлтгэн гаргахад гол үүргийг гүйцэтгэх юм.

Эмнэлгийн барилгыг Япон улсын гүйцэтгэгч компанийн зүгээс хоёрдугаар сарын сүүлээр  хүлээлгэн өгнө гэсэн. Гэхдээ эмнэлэг барилгын ажлаа хүлээж аваад  тасаг, нэгжийнхээ үүд хаалгыг шууд нээнэ гэсэн үг биш. Дэлхий аль ч улсад тийм тогтолцоо байхгүй. Эмнэлэгт маш олон тоног төхөөрөмжийг суурилуулна. Мөн мэргэжилтнүүд маань 3-4 сарын турш хаалттай орчинд баг болж ажиллах бэлтгэл ажлаа хийнэ. Ингэснээр бид үйлчлүүлэгчдэд чанартай, аюулгүй, эрүүл орчинд тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөл бий болгож ажиллана гэсэн үг. Цаашдаа эмнэлгийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ. Бид эмч эмнэлгийн ажилчид учраас алдаа гаргах ёсгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал.  Эрүүл мэндийн чанартай аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд бэлтгэл ажил маш сайн хангагдсан байх ёстой. Тиймээс дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэхийн тулд эмнэлгийн барилгаа хүлээж авсан даруйдаа бэлтгэл ажилдаа шамдан орохоо  хэлж байлаа.

Мөн  “Иргэд олон нийт сургалтын эмнэлэг гэхээр өвчтөн, үйлчлүүлэгчдэд суралцаж байгаа оюутан үйлчилнэ гэж ойлгодог. Сургалтын эмнэлэг гэдэг нь их сургуулийн багш нар өөрсдөө ажиллаж, суралцагч, оюутанд үзүүлж, таниулан харуулахыг хэлдэг.  Энэ бол орны дэргэдэх сургалт юм гэдгийг онцолсон.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь 180000 гаруй амбулаторийн  үзлэг, 4300 хүн хэвтэн эмчлүүлэх, 2060 мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах, СТ, MRI, Angiography-нийт 9000 гаруй оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд цаашид тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой ажээ. Эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн даруй эхний ээлжид  амбулатори, лаборатори, дүрс оношилгооны хэсгүүдийг нээж, дараагийн шатанд хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж болон мэс заслын тасгуудаа нээхээр төлөвлөөд байгаа ажээ.

Түүнчлэн төслийн хүрээнд боловсон хүчнийг чадваржуулах ажлыг 2017 оны зургадугаар сараас эхэлсэн байна. Эмнэлгийн менежмент, хүний нөөцийг чадавхыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 2017 оны 6-р сард зохион байгуулагдсан анхны сургалтад 16 мэргэжилтэн хамрагдаж, эмнэлгийн менежмент, яаралтай тусламжийн менежмент, эм зүйн менежмент, эмнэлгийн дотоод халдвар, хяналт сувилахуйн чиглэлээр  АШУҮИС-ын эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс нийт 172 хүн сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн байна.

АШУҮИС-ын  эмнэлэг бүрэн ашиглалтад орсноор  Засгийн Газрын шийдвэрээр Баянзүрх дүүргийн иргэдэд үндсэн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, Улаанбаатар хот болон улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Гэвч Баянзүрх дүүрэг бол хүн амын суурьшил ихтэй учраас дүүргийн иргэдийг бүхлээр нь авах боломжгүй. Иймд эхний ээлжид тодорхой нэг хороог авахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК