Давсанд “идүүлсээр” байна

 

Давсанд “идүүлсээр” байна

Хүн хоногт дунджаар таваас зургаан грамм давс хэрэглэхэд тохиромжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Гэвч манай улсын иргэдийн давсны хэрэглээ энэ тооноос 2.5 дахин их буюу 11.5 грамм байгаа аж. Мөн тухайн орон нутгийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалан давсны хэрэглээ өөр байдаг байна.  Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. Ингэхээр бид улсаараа давсанд “идүүлсээр” байна. Өнөөдөр манай улсын нас хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг. Энэ нь буруу амьдралын хэв маяг,  хооллолтоос болж байгаа юм. Үүнд давс ихээхэн нөлөөтэй юм. Ингэхээр хүн амын давсны хэрэглээг бууруулахын тулд нийтээрээ, нийгмээрээ зүтгэх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь бид хоногт хэрэглэх давсаа өдөр тутмын хоол хүнснээсээ авдаг бол өөрсдөө мэдэхгүйгээр үйлдвэрлэлийн бүтээгдэ­хүүнээс мөн давсны илүүдэлд орж байдаг байна. Дотоо­дын үйлдвэрлэлд судалгаа явуулахад утсан махан бүтээгдэхүүний давсны агууламж 100 грамм тутамд өндөр байгааг тогтоосон байна. Тухайлбал, зайдаст 1.6, давсалж хатаасан загасанд 8.8, гахайн утсан маханд 1.9  грамм давс байдаг бол “Вигор” гэх мэт хоол амтлагчид 2.6 грамм, будаатай хуурга амтлагчид 41.4 грамм давс байдаг байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэл, сүлжээ хоолны газруудын хүнсний давсны агууламжийг нэн тэргүүнд буулгах нь үр дүнтэй юм.

ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны хоёрдах шат өнөөдөр эхлэв. Нэгдүгээр шатанд хоол хүнс, үйлдвэрлэлийн зарим бүтээгдэхүүний давсны агууламжийг  29 хувиар бууруулахыг зорьж, үр дүндээ хүрчээ. 2020 онд харин эдгээрийн давсны агууламжийг 40 хувиар бууруулах юм.

Давсыг цагаан гаа, лимоны шүүс, сармисаар орлуулж болно

Эхний арга хэмжээний нэгдүгээр шатанд “Max маркет”, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94, СХД-ийн 112, 226, 101 дүгээр цэцэрлэг, “Номадс” болон “Бродвэй” сүлжээ ресторан, “ДЦС IV” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар гэх мэт 11 аж ахуйн нэгж хамрагдаж давсны хэрэглээгээ бууруулсан юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд төрийн болон төрийн бус байгууллагаас давсны агууламжийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, хоол болон бүтээгдэхүүнийхэн дээжийг лабораторид шинжилж давсны агууламжийг тодорхойлсон байна. Үүний үр дүнд тус аж ахуйн нэгжүүд давсны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр бууруулжээ. Тухайлбал, “ДЦС IV” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар нь 10 төрлийн шөлтэй хоол, эмчилгээний хоол, сүүтэй цайндаа давс хэрэглэхээ больсон байна. Станцын  1,500 гаруй ажилчид эхэндээ нэмэлт давс хэрэглэдэг байсан бол одоо давсгүй хоол идэж хэвшсэн талаар зохион байгуулагчид хэллээ. СХД-ийн 112 дугаар цэцэрлэг хоолонд хийх давсны хэмжээгээ нэг граммаар багасгахад хүүхдүүдийн хоолны дуршил эрс нэмэгджээ. Мөн шинээр давсгүй хоолны жор бэлтгэж байгаа аж. Түүнчлэн “Max маркет” компани мах, махан бэлэн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 18-40 хувь хүртэл бууруулжээ. Мөн давсгүй гүзээний салат, кимчитэй давсгүй адууны мах зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр худалдаалсан байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хоногт хоёр кг давс хэрэглэдэг байсан бол 700 граммаас нэг кг болтлоо буурчээ. Тэд 5-7 төрлийн ногоог давс орлуулагч болгон хоолондоо ашиглаж байгаа аж. Энэ бол өнгөрсөн шатны үзүүлэлт юм. Энэхүү аяны хоёрдугаар шатанд цэргийн ангиуд мөн нэгдэхээ илэрхийлжээ. Тэгэхээр үүнд илүү олон аж ахуйн нэгжийг элсүүлж, илүү олуулаа давснаас татгалзъя.

Давсыг яншуй, цагаан гаа, лимоны шүүс, сармис, улаан сонгиноор орлуулж болдог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан стандартаар давс багатай бүтээгдэхүүн гэж 100 граммдаа 0.3 граммаас бага давс агуулахыг хэлдэг байна. Судалгаагаар хүн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээс хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүнээс, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол цайндаа хийж хэрэглэдэг байна. Хэрэв давсны хэрэглээ хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг байна. Давс их хэрэглэх нь хелико бактери үүсэх таатай орчин болдог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК