Х.Цацалмаа: Нийт БЗДХ-ыг насны бүтцээр авч үзэхэд хамгийн өндөр хувьтай буюу 38,7%-ийг 15-24 насны залуусын дундах өвчлөл эзэлж байна

Бэлгийн боловсрол хүний амьдралд маш чухал байдаг. Ялангуяа өсвөр насны буюу 15-24 насны залуусын дундах БЗДХ-ын тохиолдол элбэг байгаа нь олны анхаарлыг татаад буй юм. Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ДОХ, БЗДХ-ын зохицуулагч Х.Цацалмаатай энэ сэдвээр ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ жил бүрийн 12-р сарын 01-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж ямар ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар ярихгүй юу? ХДХВ-ийн халдвартай хүний тоо хэд болсон бэ?

Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол (ХДХВ, ДОХ) 1981 онд анх илэрсэн байдаг. Дэлхий дээр ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа хүний тоо 36,9 сая, жилд 1,8 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авч,  ДОХ-ын улмаас 1 сая хүн нас барсан байна. Жилд 0-15 насны 180,000 хүүхэд шинээр халдвар авч байна. 2018 оны 11-р сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 267 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас 42 хүн нас бараад байна. Нийт тохиолдлын 5,6% нь өсвөр насныхан, 39,6% нь 25-34 насны залуус эзэлж байна. Нийт оношлогдсон тохиолдлын  21% манай  дүүрэгт харъяалагддаг. Цусаар болон эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол одоогоор байхгүй, 99,5% нь бэлгийн замаар дамжин халдварласан.

Энэ жилийн хувьд тус өдрийг “Яг одоо шинжилгээнд” гэсэн уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн. Өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа хүмүүсийг илрүүлэх, сайн дурын шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Өсвөр үе, оюутан залуусруу чиглэсэн сургалт мэдээлэл, сайн дурын зөвлөгөө  шинжилгээ, зорилтот бүлэг рүү чиглэсэн  эрт илрүүлгийн үзлэгүүдийг ӨЭМТөвүүд болон ӨҮК-тэй хамтран хийж байна. Өсвөр үеийн клиниктэй хамтран КУДС, ХМИС, Оточ манарамба, ХСИС, УБДС, УБИС, Газарчин ДС, ИЗИС, ХААИС, Шинэ Монгол МСҮТ, Хамаг Монгол МСҮТ зэрэг 20 их дээд сургууль, МСҮТ-ийн 1494 оюутан залууст БЗДХ-аас сэргийлэх сэдвээр сургалт хийсэн байна. Мөн дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээл заадаг багш нарт “Өсвөр насныханы дундах БЗДХ, зонхилон тохиолдож буй БЗДХ-уудын тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт сэдвээр 2 ээлжийн сургалт зохион байгуулсан. Тамгын газрын харъяа  хэлтэс албад, их дээд сургуулиуд, ЕБС-иуд бүгдээрээ энэ тэмдэглэлт өдрийг улаан тууз зүүж сурталчлах, ХДХВ, ДОХ-той холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллийг  хүргэн ажиллахаар болсон. ИЗИС-тай хамтран өдөрлөг зохион байгуулсан.

-Нийслэлийн хэмжээнд”Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье”  аян зарлагдсан байгаа.  БЗДХалдварт өвчний өнөөгийн байдал ямархуу байна вэ? Аль насныхан илүү халдварт өртөж байгаа вэ?

2017 онд нийт бүртгэгдсэн халдварт өвчний бүтцийг авч үзвэл 34,7% -ийг БЗДХ эзэлж байгаа юм.

Зонхилон тохиолдож байгаа БЗДХ дотроо 30% тэмбүү, 20% заг хүйтэн, 19% трихомониаз, үтрээний мөөгөнцөр 13%, 0,1%-ийг ХДХВ халдвар, үлдсэн хувийг бусад халдварууд эзэлж байна. Нийт БЗДХ-ыг насны бүтцээр авч үзвэл хамгийн өндөр хувьтай буюу 38,7%-ийг 15-24 насны залуусын дундах өвчлөл эзэлж байна.

Хүйсээр ангилж үзвэл эмэгтэйд 59,6%, эрэгтэйд 40,4% байгаа. Гэхдээ эмэгтэйчүүд илүү их халдвар аваад байгаа юм шиг байгаа боловч энэ нь жирэмсний хяналттай холбоотой өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд илүү их үзлэг шинжилгээнд хамрагдаж байнаа гэсэн үг.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017 онд БЗДХ-ын 982 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 465 тохиолдол нь буюу 47,3%-ийг тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Тэмбүүгийн 232 тохиолдол буюу 49,9% нь  жирэмсэн эмэгтэйчүүд өвчилсөн.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт сүүлийн 5 жилд нэмэгдэж 1,9%-3,3% болж өссөн. Энэ нь Ази Номхон далайн баруун эргийн улс орнуудын дунджаас 5 дахин өндөр байгаа.

Гэр бүлийн байдлыг авч үзвэл 60% гэр бүлтэй, 26,7% тохиолдлын бэлгийн харилцаанд орсон гэсэн өгүүлэмжтэй байна. Гэр бүлээс гадуурх харилцаа их байна.

Эдгээр тоо баримтуудаас харахад 2 зүйл дээр тогтож ярих хэрэгтэй байгаа юм.

  • Нэгдүгээрт: 15-24 насны залуусын  дундах өвчлөл өндөр

Бэлгийн боловсролыг багаас нь олгох ажил хангалтгүй байна, ЕБС-ийн хичээлийн программд эрүүл мэндийн хичээл энэ хичээлийн жилээс орж эхэлсэн нь сайшаалтай. Бага ангиас нь эхлээд их дээд сургуульд ч гэсэн бэлгийн боловсролыг насан туршид нь олгож байх шаардлагатай.

  • Хоёрдугаарт: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн өвчлөлд анхаарах, хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулах чухал болоод байна.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн өвчлөл их байна, хувь хүний хариуцлага чухал  гэж ярилаа.  Жирэмсний хяналтанд  яаж орох ёстой вэ?

Жирэмсэн болсон бол амьдарч оршин сууж байгаа газрынхаа харъяа ӨЭМТ-д хяналтанд орох шаардлагатай. Заавал иргэний үнэмлэхний хаягаар гэхгүй гэсэн үг

Аль болох эрт 12 долоо хоногтойд багтаж орох

Хяналтанд ороод товлолын дагуу үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах үүрэгтэй. Хувь хүний хариуцлага тун чухал. Жирэмсний 12 долоо хоногтойд буюу хяналтанд анх оронгуут эхний удаа, 28-32 долоо хоногтойд давтан БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамруулдаг.

Шилжилт хөдөлгөөн, бичиг баримтын зөрчилтэй, хаяж үрэгдүүлсэн байх нь хамаагүй тухайн газар оршин сууж л байгаа бол хяналтанд орж болноо гэдгийг анхааруулж хэлмээр байна.

Хэрэв жирэмсэн эх тэмбүүгээр өвдсөн, түүнийгээ эмчлүүлэхгүй явах юм бол урагт халдварлаж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй учраас энэ бүхнийг яриад байгаа юм.

2017 онд нийслэлийн хэмжээнд 41 ТТ тохиолдол бүртгэгдсэн байдгийн 9 нь харъяа  Амгалан амаржих газарт төрсөн. Судлаад үзэхээр 6 тохиолдол нь хаяган дээрээ амьдардаггүй,  хяналтанд ороогүй байх жишээтэй.

-Сайн дурын шинжилгээнд яаж хамрагдах вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Манай поликлиник, салбар амбулаториудын БЗДХ-ын кабинетууд  болон сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдэд хандаж үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжтой. 2 салбар амбулаторийн 1 давхарт байрлах 105 тоот өрөөнд СДЗШТ байрлаж байгаа. Оюутан залуус бол Оюутны хотхонд байрлах Өсвөр үеийн клиникт хандаж болно. Нууцыг хадгалсан орчинд хурдавчилсан оношлуураар 10-20 минутын хугацаанд таныг ХДХВ-ын  халдвартай эсэхийг тогтоож  өгнө. Ер нь аль ч эрүүл мэндийн төвүүд харъяаллын дагуу БЗДХ-ын үзлэг, оношлогоо, зөвлөгөөг  үнэ төлбөргүй үзүүлдэг гэдгийг иргэддээ хэлмээр байна.

-ХДХВ,  БЗДХ-аас  яаж  урьдчилан сэргийлэх вэ?

БЗДХ-р хэн ч өвдөж болно. Гэхдээ бас урьдчилан сэргийлж  болно. Дархлаа тогтоно гэж байхгүй, дахин халдвар авах боломжтой байдаг.

Халдвар дамжих үндсэн 3 зам байдаг. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, халдварлагдсан цус цусан бүтээгдхүүнээр, эхээс хүүхдэд дамжин халдварлана.  Халдвараас сэргийлэхийн тулд:

  • Нэгдүгээрт: Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн харилцааг тэвчих
  • Хоёрдугаарт: Бэлгийн нэг хавьтагчтай байх, гэр бүлдээ хайртай хүндээ үнэнч байх
  • Гуравдугаарт: Бэлгэвч зөв хэрэглэж хэвших
  • Дөрөвдүгээрт: Согтууруулах төрлийн ундаа, мансууруулах бодис хар тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхэд залуус маань эрсдэлтэй, хүсээгүй байдалд орсон тохиолдлууд байдаг.

-Цаг гарган хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК