Т.Мандах: Ажил амралтынхаа дэглэмийг маш сайн зохицуулж байх ёстой

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв  эмнэлгийн  Мэдрэлийн  тасгийн их эмч Т.Мандахтай ярилцлаа. Бид мэдрэлийн ядаргаа гэж юу болох, хэрхэн тайлах, ядаргаанд орохгүй байхын тулд юунаас сэргийлэх талаар ярилцлаа. Ингээд мэргэжлийн эмчийн чухал зөвлөгөөг уншигч танд хүргэж байна. 

-Мэдрэлийн ядаргаа гэж юуг хэлэх вэ. Тухайн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь сэтгэл болон биеийн хувьд ядарч сульдах өөрийнхөө өмнө нь хийж байсан ажлын ачааллаа даахгүй  болохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1-2 цагийн дотор амжуулчихдаг тогтмол хийдэг ажлаа хийж чадахгүй олон цагаар сунжрах, нойр өөрчлөгдөх, унтсан ч амраагүй мэт босч ирэх, амархан уцаарлах, сэтгэл түгших,  анхаарал сарних ой тогтоолт буурах, биеийн энд тэнд янз бүрийн зовиур илрэх, булчин болон толгой өвдөх, толгой эргэх зэрэг шинжээр  мэдрэлийн ядаргаа илэрч болдог.

-Мэдрэлийн ядаргаанд орохгүй, үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Мэдрэлийн ядаргаанд хүргэх шалтгаан, хамгийн ихээр юу нөлөөлж байна вэ гэдгээ хүн мэдэх ёстой. Мэдрэлийн ядаргаанд нөлөөлөх хүчин зүйлийг хэд хэдэн бүлэгт авч үзэж болох юм. Үүнд сэтгэлзүйн хүчин зүйл, бие махбодийн өвчин эмгэг, нойртой холбоотой болон амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс орох юм. Сэтгэлзүйн хүчин зүйлст стресс, сэтгэл түгшил, өөрт тохиолдсон тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй, дотроо хадгалж үргэлж юманд санаа зовох зэрэг нь удаан хугацаагаар үргэлжилбэл, ядаргаанд маш ихээр ордог. Хүн тогтмол цагт унтаж сэрэх өдрийн биоритмыг алдахгүй байх нь маш чухал. Дээрээс нь ажил амралтынхаа дэглэмийг маш сайн зохицуулж байх ёстой. Тиймээс ядаргаанд хүргэж байгаа шалтгаан чинь юу байна гэдгээ олж илрүүлэх ёстой.

-Уур бухимдлаа тайлахгүй удаан явах нь хүртэл хүнийг мэдрэлийн ядаргаанд оруулдаг гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Энэ нь бас нэг нөлөөлөх хүчин зүйлс болж байна гэсэн үг. Нийгэм, гэр бүл болон ажлын байранд үүсэх стресс бухимдал, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй байх нь хүнийг алсдаа ядарч туйлдахад хүргэж байгаа. Амьдралын буруу хэвшлүүд мэдрэлийн ядаргаанд маш их нөлөөлж байна. Тодруулбал, тодорхой тогтсон цагт дэглэмтэй хооллох, нойроо зохицуулах, ажлын ачааллаа зохицуулах нь маш чухал юм. Өдөржингөө хоосон явчихаад гэнэт хоол ихээр идэх, шөнийн нойр алдах, хөдөлгөөний хомсдол зэрэг нь ядаргаанд хүргэдэг. 21-р зуунд хүн болгон явган явах нь багасаад машин тэргээр явж байгаа нь биднийг хөдөлгөөний хомсдолд оруулж үүнтэй холбоотой олон янзын архаг өвчин эмгэгүүд гарч ирж байна.

-Ядаргаа тайлах гэж яриад байдаг. Биеийн болон оюуны ядаргааг яаж тайлах вэ?

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг, суугаа ажилтай хүмүүс ядаргаагаа тайлахын тулд биеийн хөдөлгөөнийг идэвхтэй хийж, булчин шөрмөсөө ажлуулж ядаргаагаа тайлах хэрэгтэй. Харин тамирчид, биеийн хүчний ажил их хийдэг хүмүүс  эсрэгээрээ ном унших, хөгжим сонсох, унтаж, амрах зэрэг өөрийнхөө ажлаас арай өөр зүйлийг хийж яаргаагаа тайлвал илүү оновчтой болох байх. Хамгийн гол нь зөв дэглэмтэй амьдарч стрессээс аль болох зайлсхийж стресс тайлах аргад суралцах хэрэгтэй.

-Ядаргаанд орчихжээ. Үс унаад, барьсан тавьсан зүйл болон хэлэх гэж байгаа үгээ мартаад байна гэж яриад байдаг. Энэ нь мэдрэлийн ядаргаа юу?

-Үс унах нь өөр шалтгаан байж болзошгүй. Ер нь хүний үс хоногт 100 ширхэг унадаг гэсэн тоо байдаг. Харин үс нэг газраа бөөндөө унаад халцрах зэрэг нь үсний болон арьсны эмгэгүүд байж болзошгүй. Түүнчлэн үс болон хумсны асуудал дээр янз бүрийн эрдэс бодис витамины  дутагдлууд, арьсны болон дотоод шүүрлийн өвчин зэрэг байх талтай. Толгой байнгын ачаалалтай стресстэй байгаад үүнээс болж ядаргааны нэг илрэл болох анхаарал суларч ой тогтоолт муудаж  юмаа амархан мартаад байхыг үгүйсгэхгүй. Эсвэл өөр өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх шаардлагатай. Түүнчлэн амьдралын хэв маяг өөр болсонтой холбогдуулан мартаад байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь оюун ухаанаа байнга ашиглаж заавал гараар бичиж тэмдэглэж, цээжилдэг байсан. Тухайн үед гар утас, компьютер гэж байгаагүй.  Одоо үед хүний гар утасны дугаарыг тогтоохын оронд утсан дээрээ тэмдэглэх, хадгалах, зарим мэдээллийн зургийг шууд дарж хадгалдаг болсон. Тиймээс техник технологийн хөгжил биднийг ийм байдалд хүргэж байж болох юм.

– Ядаргаанд орчихсон юм чинь хоол цайгаа сайн ид, уу гээд  байдаг. Энэ нь хэр нөлөөтэй юм бэ?

– Амьдралын буруу хэвшлээс болоод ядраад байгаа хоол нойроо зохицуулж чадахгүй байгаагаас болж байвал мэдээж хоол ундаа тогтсон цагт тэжээллэг хүнсийг хэрэглэхийг зөвлөлгүй яахав. Тэрнээс биш их идэхийн нэр биш шүү. Ядаргаанд орсон хүнд заавал эмийн эмчилгээ,  дусал, витамин хийгээд байх нь эмчилгээний төгс арга биш шүү дээ. Стресс эсвэл ажил амралтын дэглэмээс болж байна уу гэдгээс хамааралтай. Ядарсан бие сэтгэлээ яаж амраах вэ гэдгийг олох нь чухал даа. Тархийг гүйцэт амраахад нойр маш их хэрэгтэй. Ялангуяа шөнийн нойрыг гүйцэт авах хэрэгтэй. Хоногт  6-8 цаг унтаж, амарч байх шаардлагатай. Энэ нь гүйцэт амралт болно. Бүүр архаг ядаргаанд орсон хүмүүс унтсан ч амраагүй юм шиг босч ирэх тохиолдолд байдаг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ хийлгэж, илүү унтуулах, нойрыг нь  гүнзгийрүүлэхийн тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, уул хаданд аялах, агаар амьсгалах хэрэгтэй.

-Ядаргаанд ямар хүмүүс илүү их өртөмтгий байна вэ?

-Стресс ихтэй хүмүүс илүү өртөмхий байна.  Хүүхдэд харин дэлгэцэнд донтох байдлаар илэрч байна. Зурагт, утас компьютер зэрэг зүйлээс болоод ядаргаанд орох асуудал үүсч байгаа.

-Мэдрэлийн ядаргаа нь улирлаас хамааралтай юу?

-Улирлаас хамааралгүй хүмүүс хаврын ядаргаа, мэдрэлийн ядаргаа гэж ялгаж ойлгох гээд байдаг. Ядаргаа гэдэг нь мэдрэл болон сэтгэцийн өвчний  аль алинд багтдаг өвчин юм.

Б.Пүрэвжав
www.unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК