Таны биеийн жин хэд байх ёстой вэ?

Биеийн жингийн хяналт
Биеийн жинг үнэлэх жишиг үзүүлэлтүүд:
– Байвал зохих эрүүл жин
– Биеийн жингийн индекс
– Бүсэлхийн тойргийн хэмжээ
Биеийн жин
Хүүхэд ба насанд хүрэгсдийн биеийн жинг тогтоох энгийн арга нь жинлэх явдал юм. Биеийн жинг насанд нь (хүүхдэд) харьцуулах эсвэл өндөрт (насанд хүрэгсдэд) харьцуулан тооцох аргуудыг хэрэглэж биеийн жинд үнэлгээ өгдөг.
Та өөрийн биеийн өндөрт тохирсон, байвал зохих эрүүл жингээ хялбар аргаар тооцон олох боломжтой.
Байвал зохих эрүүл жин
Эрүүл жин = Биеийн өндрийн квадрат утга (М^2) х 22 (Тогтмол тоо)
Жишээ: 155.6 см (1.56 м) өндөртэй хүний байвал зохих эрүүл жинг олцгооё
Эрүүл жин = (1.56 х 1.56) х  22 = 2.43 х 22 = 53.5 кг
Үнэлгээ: 155.6 см өндөртэй хүн 53.5 кг жинтэй  байвал хамгийн тохиромжтой.
Биеийн жингийн дээд ба доод хязгаарыг тооцох арга
Биеийн өндөрт тохирсон жингийн дээд хягаар
Биеийн жингийн дээд хязгаар = Өндрийн квадрат утга (М2)
х 24.9 (Тогтмол тоо)
Жишээ: 155.6 см (1.56 м ) өндөртэй хүний биеийн жингийн дээд хязгаарыг олцгооё
Биеийн жингийн дээд хязгаар = (1.56 х 1.56) х  24.9= 2.43 х 24.9 = 60.5 кг
Үнэлгээ: 155.6 см өндөртэй хүн хамгийн ихээр тооцоход 60.5кг жинтэй байж болно.
Биеийн өндөрт тохирсон жингийн доод хягаар
Биеийн жингийн доод хязгаар = Өндрийн квадрат утга (М^2) х 18.5 (Тогтмол тоо)
Жишээ: 155.6 см (1.56 м ) өндөртэй хүний биеийн жингийн доод хязгаарыг олцгооё
Биеийн жингийн доод хязгаар = (1.56 х 1.56) х  22= 2.43 х 18.5 = 44.9 кг
Үнэлгээ: 155.6 см өндөртэй хүн хамгийн багаар тооцоход 44.9 кг жинтэй байж болно.
Биеийн Жингийн Индекс (БЖИ)
Биеийн жин ба өндрийг хэмжин дараах томъёог ашиглан БЖИ-ийг хялбархан тооцох боломжтой. БЖИ-ийг олохдоо биеийн жин ба өндрийг үнэн зөв, нягт нямбай тодорхойлох шаардлагатай.
Тухайн хүний биеийн жин ба өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-ийг ашигладаг. Гэхдээ БЖИ-ийн үзүүлэлтээр биед агуулагдах өөхлөг эдийн байрлалыг тогтоох боломжгүй юм.
БЖИ-ийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.
БЖИ = Биеийн жин (Кг) : Биеийн өндөр (М2)
БЖИ-ийн хэмжээгээр таргалалтыг илрүүлэх удирдамж (ДЭМБ, 1997 он)
БЖИ                               Үнэлгээ
< 18.5                           Туранхай
18,5 – 24,9                    Хэвийн жин
25,0 – 29,9                    Илүүдэл жинтэй
30,0 – 34,9                    Таргалалт I  зэрэг
35,0 – 39,9                    Таргалалт II зэрэг
≥40.0                           Таргалалт III зэрэг

Жишээ 1: Биеийн өндөр – 150 см буюу 1.5 метр, Жин нь 54.6 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 54.6 : (1.5 х 1.5) = 54.6 : 2.25 = 24.26                      Хэвийн жинтэй
Жишээ 2: Биеийн өндөр – 163.7 см буюу 1.64 метр, Жин нь 76.8 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 76.8 : (1.64 х 1.64) = 76.8 : 2.68 = 28.5               Илүүдэл жинтэй
Бүсэлхийн Тойрог
Энэ хэмжигдэхүүн нь хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.
Бүсэлхийн тойргийг хэмжих
Ажилбар: Тухайн хүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтэй байлган хүйс орчимд нүцгэн бие дээр хэмжилт хийнэ. Хэмжилтэд миллиметрийн нарийвчлалтай, сунамтгай бус материалаар хийсэн туузан метр ашиглана.
Бүсэлхий ба ташааны тойргыг хэмжихдээ хэт чангалахгүй.
Үнэлгээ:
Эрэгтэйчүүдэд          90 см-ээс бага
Эмэгтэйчүүдэд          80 см-ээс бага
Дээрх хязгаараас ихэссэн тохиолдолд тухайн хүний БЖИ хэвийн байсан ч, төвийн таргалалттай буюу халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК