Бэлгийн замын халдварт өвчнүүдийн лабораторын оношилгооны аргууд

Лабораторын оношилгоо нь маш чухал ач холбогдолтой боловч ямар ч шинжилгээний арга нь туйлын төгс төгөлдөр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинжилгээний арга болгон өөрийн давуу болон дутагталтай талуудтай. Мөн шинжилгээний үнэн бодитой хариу нь нэг талаас шинжилгээг зөв авах техник, хэрэглэж буй урвалж бодис, техникийн чанар, хүчин чадал, лаборантын дадлага тушлагаас нөгөө талаас шинжлүүлж буй хувь хүний  бэлтгэлээс хамаарна.

1.Наалдацны шинжилгээ – хамгийн энгийн, хүртээмжтэй, хямд, хурдан боловч наалдацны өгөх мэдээлэл нь харьцангуй бага, тойм шинжилгээнийй арга юм (эмэгтэйчүүдээс 3 газраас авна – шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ, эрэгтэйчүүдээс шээсний сүвнээс 2,5-4 см гүнээс авдаг).  Наалдацын арга нь  зөвхөн үрэвслийн хэмжээ, үтрээний мөөгөнцөтөх өвчин, гарднереллез илрүүлэх мөн үтрээний бичил орчиныг  дүгнэхэд тохиромжтой.

2.Үүсгэгчийн эсрэгтөрөгч илрүүлэх арга – иммуноферментийн арга (ELISA), шууд дархан туяарлын арга (ПИФ) зэрэг аргууд нь харьцангуй өндөр биш өртөгтэй, хурдан (3-5 цаг)   боловч манай  оронд өргөн хэрэглэдэггүй ба мэдрэг чанарын хувьд (70%) тийм ч өндөр биш шинжилгээний арга юм.

3.Өсгөвөрийн шинжилгээ (ургалт) – зөвхөн тухайн нянд зориулсан өвөрмөц тэжээлт орчин дээр үүсгэгчийг тэжээж ургуулдаг тул өвөрмөц чанар өндөр шинжилгээ боловч манай орны хувьд бэлгийн замын халдваруудын үүсгэгчээс  маш цөөхөнг (заг хүйтэн, мөөгөнцөр) ургуулах боломжтой, мөн хугацаа (5 – 10 хоног) их шаардлагатай байдгаараа дутагдалтай талтай арга юм.

4.Молекул – биологийн арга (үүсгэгчийн ДНХ –ийг ялган авах): энэ арга нь дэлхий даяар ганц  бэлгийн замаар дамжих халдваруудын үүсгэгчийг  ч  бус ургамал, вирус, нян, шимэгч судлалын салбарт оношилгоо, эмчилгээ, судалгааны шинжилгээний зорилгоор хамгийн өргөн хэрэглэж байгаа орчин үеийн шилдэг  арга юм.

Манай орны хувьд молекул – биологийн олон аргуудаас PCR- полимеразын гинжин урвалын аргыг хэрэглэдэг. Энэ шинжилгээний аргын давуу тал нь  бэлгийн замаар дамждаг халдваруудын ихэнхийг оношилох боломжтой (бэлгийн замаар дамжих халдварууудыг илрүүлэх шинжилгээний – г харах), мэдрэг чанар өндөр (90-95%), харьцангуй хурдан (1 хоног) боловч харьцангуй өндөр өртөгтэй, олон газар элбэг хийгддэггүй гэсэн дутагдалтай талуудтай  (үйлчилгээний үнийн жагсаалт харах). Ялангуяа бэлгийн замаар дамждаг шинж тэмдэг бүдэг эсвэл огт шинж тэмдэггүй далд, болон вирусын  халдваруудыг илрүүлэхэд хамгийн тохиромжтой шинжилгээнд тооцогддог. Идээт ялгадастай үед шинжилгээний мэдрэг чанар буудаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

5.Үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэгбие илрүүлэх шинжилгээ – энэ шинжилгээ үүсгэгчийг өөрийг нь биш харин түүний эсрэг үүссэн дархлалын эсийг илрүүлэх арга юм. Цуснаас шинжилгээг хийдэг бөгөөд тэмбүү, вирусын халдварт өвчнүүдийн  (хомхойн вирус, цитомегаловирус, элэгний В, С вирус, ДОХ-ын вирус) оношилгоонд өргөн хэрэглэдэг. Өвчин үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэгбие нь эмчилгээний дараа ч гэсэн биед удаан хугацаагаар хадгалагддаг тул энэ аргаар одоо өвдөж буй эсвэл өвдөөд өнгөрсөн эсэхийг оношилох боломжгүй юм.

БЗХӨ- ийг зөв оношилж эмчлэхэд эмчлэгч эмчийн үүрэг:
БЗХӨ –ий оношилгооны чанар нь эмчлэгч  эмчээс шууд хамаарна.

-Тухайн өвчтөн тус бүрт  нь  тохирсон, оносон  шинжилгээний аргыг зөв сонгох
-Шинжилгээг зөв техникийн дагуу авах
-Тухайн тохиолдол бүрт  тохируулан шинжилгээ авах  материалыг зөв сонгох (шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ, залгиур, шулуун гэдэс, нүдний салст, цус, шээс г.м.)
-Шинжилгээг авах үеийн цаг хугацааг зөв тооцоолох (өвчний нууц хугацаанд авах, антибиотик хэрэглэж байгаа болон хэрэглэж дуусаад удаагүй байгаа хугацаанд (ямар өвчний оношилгоо хийж байна гэдгээс хамаарч хугацаа янз бүр байна)
-Шинжилгээний хариуг хувь хүн тус бүр дээр зөв уншиж тайлбарлаж чадах мөн хуурамч эерэг болон хуурамч сөрөг хариу тохиолддог гэдгийг байнга анхаарах хэрэгтэй
-БЗХӨ-ий оношилгоо эмчилгээг БЗХӨ-ий чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК