Мэдрэлийн өвчнийг мэс заслаар эмчилдэг болсоор 50 жил боллоо

Мэдрэлийн өвчнийг мэс заслаар эмчилдэг болсоор 50 жил боллоо
Монголчууд өргүй баян, өвчингүй бол гал гэж сэтгэл зүрх, ухаан бодлоороо өчүүхэн ч эргэлздэггүй. Тэрхүү аз жаргалын ундарга нь эрүүл энх, эсэн мэнд байх явдал мөн билээ.
Арьс, маханд шингэсэн өчүүхэн өргөсийг авч хаяхаас эхлээд уушги, зүрх, элэг, бөөр, ходоод гэдэс, гар, хөлийг сольж, шилжүүлэх, залгах хүртэл хөгжсөн өнөөгийн шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны хөгжлөөр хэн эс бахархах билээ. Нарийн бичил бүтцээрээ, олон үйл ажиллагаагаараа дэлхийн эмч, эрдэмтдийг өмнөө сөгдүүлж буй хосгүй дархан эрхтэн уураг тархи, нугас түүний салаа салбарыг захиргаанд бүрэн оруулж чадаагүй ч гэсэн түүнийг ашиглаж болох өгөөжийг дэлхийн хүн ам, түүний дотор Монгол хүний сайн сайхны төлөө ашиг тустай, өчүүхэн боловч ашиглахад нэмэр хандиваа нэмэрлэх юмсан гэсэн чин эрмэлзэлтэй цөөхөн монголчууд мэдлэг чадвараа, авьяас билгээ зориулан зүтгэсээр хагас зуун жилийг туулж явааг тэмдэглэн бичихэд сэтгэл гэгээрэх шиг болох юм. 1966 оноос Монголд анх удаа мэс засал хийдэг болсноор Б.Оюун, Б.Батчулуун, Д.Энхболд, Л.Аваажигмэд, Х.Хусаян, Ц.Тугбаяр гэсэн эмч олон хүний амь нас, ажил, амьдралыг нь аварсныг юутай харьцуулж, юугаар үнэлэх вэ. Дээрх эмч, сувилагч, асрагч нарыг хүлээсэн үүргийнхээ дагуу нарийн зохион байгуулалттай удирдан хариуцаж, даргалж ирсэн их эмч Б.Батчулуунд гавьяат эмч цол хайрласан төр засагтаа гялайж баярлаж явдагаа хэлэх нь зөв болов уу.
Эмнэлэгт хэвтсэн, хэвтээгүй, мэс засалд орсон, ороогүй 229320 хүнд хортой, хоргүй нөхцөлд онош тодруулах нарийн төвөгтэй, цацраг идэвхт туяатай шинжилгээнүүдийг 1969 оноос өнөөдрийг хүртэл хийж эмчилгээний аргыг зааж өгч суугаа ахмад эмч 72 настай Б.Оюуны хөдөлмөрийг юугаар үнэлэх вэ. Өнгөрсөн хагас зуун жилийн туршид өвлийн хүйтэн, зуны халуунд ч шөнийн харанхуйд ч өдрийн наранд ч эмчийнхээ хамт тасралтгүй зүтгэж явахдаа өвчтөнөө үүрэхдээ үүрч, түрэхдээ түрж, чирэхдээ чирч, ядрахдаа ядарч, баярлахдаа баярлаж насаа элээж яваа ахмад сувилагч Ш.Амардэлгэр, Ж.Отгончимэг, Ч.Цэцэгмаа, Б.Чулуунцэцэг, Г.Альшаа, Ч.Гэрэлжаргал, Б.Болортуул, П.Нандинцэцэг, Наранцацрал, Ганчимэг нарын хөдөлмөр бүтээлийг юугаар үнэлэх вэ.
Мэдрэлийн мэс засалд өдөр алгасахгүй тохиолддог, цаг алдахгүй мэс засал шаарддаг өвчин бол тархинд цус харвах, цус хомсрох, тархи усжих, тархи нугас гэмтэх. Тиймээс тэнд ажилладаг эмч, ажилчдын ажлын ачаалал харьцангуй өндөр хүнд байдаг. Гэтэл тэдний авдаг цалин, эдэлдэг амралт нь бусдаас ялгагдах юмгүй 360-660 мянган төгрөг байх жишээтэй. Герман, Австри, Америкийн эмч нар сард 100-130 мянган ам.доллар, Солонгост 10 сая вонн, Орост 60 мянган рубль, мөн ажлын цагийн хөнгөлөлт ихтэй, Хятадад ажил нь хүндэрвэл дор нь солих нөөц хүнтэй, Японд ажлын ядаргааг тайлах ажил зохиодог хөдөлмөрийн яамны харьяа байгууллагатай, мэдрэлийн мэс заслын эмч, ажилчид ажлын зургаан цагийн ажилтай. Эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гардаг. Ээлжийн амралт ажлын 48 хоногоор амардаг стандарттай байх юм. Эдгээр оронд эрүүлийг хамгаалах үйлчилгээнд ДНБ-ий зургаан хувийг улс нь зарцуулдаг бол манайд 2.8 хувьтай тэнцэх жишээтэй.
Гэтэл хүнд ажилтай, ахуй хангамж муутай хүмүүс нийтийн хомрогонд нь хэлмэгдэж, эрүүл байсан нь өвчтэй болсоор, өвчтэй байсан нь насан өөд болж байгааг харсаар байж “хүмүүнлэг” нийгэм байгуулж байна гэж тайвширч сууж чадахгүй байгаа тул ингэж бичихэд хүрлээ. Улсын хэмжээнд үйлчилгээ явуулдаг мэдрэлийн мэс заслын харж үзүүштэй байгууллагын үйл ажиллагаа нэвтэрч эхэлсний 50 жилийн ой аравдугаар сард тохиож байна.
Хэдийгээр үйлчлэх орны тоо 40-өөдхөн, нарийн мэргэжлийн эмчийн тоо хангалтгүй найман эмчтэй ч өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлсээр. Улсын бүх хүн амд үйлчилсээр хагас зуун жилийг амжилттай өнгөрөөж байгаа Монголын мэдрэлийн мэс заслын хамт олонд алдарт 50 жилийн ойд нь халуун баяр хүргэх ялдамд мэдрэлийн мэс заслын эмч, ажилтнуудад урам хайрлаж, сэтгэл санааны болон хөгжин дэвших техник технологийн тус дэм болохыг төр засгийн удирдах байгууллага болон ард түмэндээ хүсэн уриалъя.

Ж.Хайрулла
Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх, Хөдөлмөрийн баатар, профессор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК