Умайн хүзүүний хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх

CDR658904-750

Умайн хүзүү нь хорт хавдарт хамгийн өртөмтгий эрхтэн гэгддэг. Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV)  умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж  тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж  хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:

-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох

-Тамхи татах зэрэг хорт зуршил

-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх

-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх

Умайн хүзүүний хавдрыг ямар ямар аргаар эрт оношлож болох вэ?

-Эмэгтэйчүүдийн үзлэг

-Умайн хүзүүний дурандалт \кольпоскоп\ – Энэ нь умайн хүзүүг томруулан харах –шинжилгээний арга бөгөөд телевизийн дэлгэцээр үйлчлүүлэгчид өөрт нь илэрч байгаа өөрчлөлтийг харуулан тайлбарлах боломжийг олгодог.

-Умайн хүзүүний эсийн шинжилгээ (пaп тест) – Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.

Умайн хүзүүний эдийн шинжилгээ – Энэ нь эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.

НPV-ийн шинжилгээ.  Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.

Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй

Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин  хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс махны шүүс шиг ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК