Сэтгэл түгшилт гэж юу вэ?

1. Сэтгэл түгшилт гэж юу вэ?“Anxiety” гэдэг үг нь айдас хүрмээр юм уу амь насанд заналхийлсэн нөхцөл байдалд биемахбодын болон сэтгэлзүйн талаас үзүүлж буй хариу урвал юм. Энэ үед чичрэх, шоконд орох, зүрх дэлсэх, хөлрөх, бодит бус зүйлийг мэдрэх гэх мэт шинжүүд илэрч болно. Сэтгэл түгшилт бол хүн бүрийн стрессэд үзүүлж буй хэвийн хариу урвал юм. Замаар явахдаа машинд дайруулчих вий гэж айх, олон хүний өмнө ярих эсвэл шалгалтанд ороход сэтгэл түгших нь ихэнх хүнд тохиолддог хэвийн сэтгэл түгших хариу урвал юм.

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал та сэтгэл түгших эмгэгтэй байж болох юм:

  • таны сэтгэл байн байн түгшинэ.
  • тодорхой нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр танд айдас төрнө.
  • та айдас төрүүлсэн нөхцөл байдлаасаа зайлсхийж эхэлнэ.
  • таны айдас гэр бүл , нийгмийн амьдрал, ажилд тань нөлөөлнө.

Сэтгэл түгшилтийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

  1. Түгээмэл сэтгэл түгших эмгэг
  2. Сандрах эмгэг
  3. Нийгмийн айдас
  4. Талбайн айдас

Түгээмэл сэтгэл түгших эмгэг

Түгээмэл сэтгэл түгших эмгэг нь бусад хэлбэрээс ялгаатай. Сэтгэл түгшилт нь тодорхой нөхцөл байдлуудаас шалтгаалахгүй бөгөөд сандрах дайралтын үеийн айдастай адилгүй байдаг. Энэ нь ирээдүйд болон энгийн үйл явдлын талаар хэт их санаа зовних, сэтгэл түгших шинжээр илэрдэг. Санаа зовних нь түгээмэл сэтгэл түгшилтийн үндсэн шинж бөгөөд сэтгэл түгшилтийн бусад хэлбэрийн үед ховор илэрдэг шинж юм.

Сандрах эмгэг

Сандрах эмгэгтэй хүмүүс нь гэнэт, хүчтэй сэтгэл түгшилтийн дайралтанд ордог. Сандрах эмгэгийн дайралт нь тухайн хүний эргэн тойронд болж буй үйл явдалаас шалтгаалдаггүй. Тухайн хүн ихэнхдээ дайралтанд орсны дараа хэвийн байдалдаа эргэн ордог.

Сэтгэл зүйн шинжүүд

  • үхчих вий гэхээс айх
  • галзуурчих вий гэхээс айх
  • орчны юмс бодиттой биш юм шиг санагдах

Биемахбодын шинжүүд

  • цээж бачуурч хөндүүрлэх
  • амьсгал давчдах
  • бүгчимдэх
  • зүрх дэлсэх
  • дагжин чичрэх
  • гар хөл бадайрч чимчигнэх мэдрэмж төрөх
  • дотор харанхуйлах
  • хөлрөх
  • нүүр халах эсвэл хөрөх
  • дотор муухайрах
  • толгой эргэх / дотор харанхуйлах
  • Сэтгэл түгшилтийн бусад хэлбэрийн үед сандрах дайралтанд ордог боловч ихэнхи тохиолдолд айдас үүсгэсэн нөхцөл байдалтай холбоотой үүсдэг. Иймээс эдгээр сандрах дайралтуудыг урьдчилан мэдэхэд хялбар байдаг.

Нийгмийн айдас

Нийгмийн айдас гэдэг нь тухайн хүн, хүмүүсийн анхаарлын төвд байхаас айх буюу хэн нэг нь өөрийг нь шүүмжлэх вий гэхээс айх айдас юм. Ийм хүмүүс бусдын өмнө ичмээр, тэнэг зүйл хийх бий гэхээс санаа нь зовдог. Нийгмийн айдас нь нийгмийн бүхий л харилцааны үед тохиолдож болно. Айдас үүсгэх нөхцөл байдлууд:

  • бусдын өмнө ярих
  • асуулт асуух
  • бусдын өмнө идэх
  • бусдын өмнө бичих
  • анхаарлын төвд байх
  • олон нийтийн арга хэмжээнд оролцох тухайлбал өдөр, оройн зоог барих, үдэшлэг, хурим найр, шашны цуглаан, наадамд оролцох гэх мэт

Талбайн айдас

Талбайн айдастай хүмүүст сэтгэл зүйн болон биемахбодын шинжүүд илэрдэг ба ихэнх тохиолдолд сандрах эмгэгийн дайралтанд ордог. Сэтгэл түгшилт нь доорх нөхцөлд илэрдэг:

  • Сандрах эмгэгийн дайралтанд орох эрсдэл байгаа үед
  • Орон зай, талбай, гудамжинд түгжигдсэн мэт мэдрэмж төрж, зугтах боломжгүй мэт санагдах үед
  • Туслалцаа хэдий шаардлагатай ч тусламж авахад бэрхшээлтэй үед
  • Хүрээлэн буй бодит орчин нь өөрчлөгдсөн ,танил биш мэт санагдах үед

Иймээс сэтгэл түгшилт нь олон асуудлаас зайлсхийхэд хүргэж улмаар өдөр тутмын амьдралд гүн гүнзгий нөлөөлдөг. Хүнд хэлбэрийн талбайн айдастай хүмүүс гэрээсээ гарч чадахаа больдог. Айдас үүсгэх нөхцөл байдлуудаас зайлсхийхэд хүргэдэг жишээнүүд:

  • Гэрээсээ гарах, ганцаараа аялах, олон нийтийн газраар явахаас айх г.м Сэтгэл зүйн болон биемахбодын сөрөг хүчин зүйлийн жишээнүүд:

Сэтгэл зүйн

  • бусдаас харилцаагаа таслах
  • шийдвэрлэхэд хэцүү маргаан
  • ойр дотны хэн нэг хүн нас барах
  • ажлаасаа халагдах
  • нойргүйдэл
  • ажлын дарамт
  • эдийн засгийн асуудлууд
  • биемахбодын ба бэлгийн хүчирхийлэл

Биемахбодын

  • биемабодын эмгэгүүд
  • архи хэтрүүлэн хэрэглэх
  • гэр бүлийн хүчирхийлэл
  • бусад эм болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
  • гэмтэл

Гэнэтийн аюултай гай тохиолдоход хүн хүчтэй сэтгэл түгшилтээс болж амьсгалалт олширч, амьсгаа давчидна. Мөн ердийн үеийнхээс илүүтэй санаа зовних хандлага ажиглагддаг. Эдгээр 2 шинж нь сэтгэл түгшилттэй хүмүүст элбэг тохиолддог. Амьсгалах аргаа өөрчилж, санаа зовнихоо багасгах нь сэтгэл түгших эмгэгийг эмчилэхэд тустай.

Амьсгал давчдах

Амьсгал давчдах нь сэтгэл түгших эмгэгийг бий болгодог гэдгийг мэдэж авах нь хүмүүст чухал юм. Амьсгал давчдах нь / гипервентиляци/ уушгин дахь нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгаж, улмаар биемахбодын зовиураар илэрч сэтгэл түгшилтийг нөхцөлдүүлдэг. Бусад чухал зүйлс:

• Та удаан хугацааны турш өнгөц хурдан амьсгалбал таны сэтгэл түгшил болно. Тиймээс та өнгөц хурдан амьсгалах хэрэггүй.

• Хэрэв та өнгөц хурдан амьсгалаад цаашилбал эвшээж, ойр ойрхон санаа алдвал сандрах эмгэгийн дайралт болон сэтгэл түгшилтэнд орно. Өнгөц хурдан амьсгалах буруу зуршлыг өөрчлөхөд удаан хугацаа шаардагддаг.

Санаа зовних ба сөрөг бодол

Хий хоосон санаа зовниулсан сөрөг бодлууд нь сэтгэл түгшилтийг сэдээх зүйлсийн нэг юм. Сэтгэл түгшилттэй хүмүүс хий хоосон санаа зовниулсан сөрөг бодолд автан өөрийгөө улам хүнд байдалд оруулдаг.Жишээ нь: • Та таагүй үйл явдлын талаар бодож, цааш ургуулан төсөөлсөнөөр сэтгэл түгшилтийг улам нэмэгдүүлдэг. • Та ирээдүйд хэзээ ч тохиолдохгүй тааламжгүй зүйлийн тухай бодож, олон цагийн турш санаа зовниж болно. • Та эргэн тойрныхоо хүмүүсийн зан төрх, бодлуудыг буруугаар ойлгож болно.

Сэтгэл түгшилтийг хэрхэн эмчлэх вэ?

Сэтгэл түгшээд байна гэдэг асуудалд заавал ач холбогдол өгөх хэрэггүй . Энэ бол тодорхой нөхцөлд үзүүлэх энгийн хариу урвал буюу хүний сэтгэлийн цогц хөдөлгөөн юм. Сэтгэл түгшилт нь хүний биемахбодын үйл ажиллагааг түр зуураар алдагдуулаад зогсохгүй зарим тохиолдолд бүр хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг.Түүнчлэн тухайн хүн сэтгэл түгшилтээ даван туулахын тулд үр дүнгүй, хор уршигтай арга замыг сонгож болно. Тухайлбал Архи хэрэглэх г.м Бүх шинж тэмдгүүдийг арилгах нь сэтгэл түгшилтийг эмчлэх эцсийн шийд бус харин тухайн хүн сэтгэл түгшилтээ өөрөө хянаж, шийдвэрлэх боломжтой хэмжээнд хүрэх явдал юм Сэтгэл түгшилтийг эмчлэх хамгийн сайн арга бол сэтгэл зүйн тусламж болон нийгмийн дэмжлэг авах явдал юм.

Сэтгэлзүйн тусламжийн аргуудад:

  • сандрах эмгэгийн дайралтыг зогсоох, хянах
  • айдас төрүүлдэг нөхцөл байдалтай нүүр тулах /өмнө нь зайлсхийдэг байсан бол/
  • хий хоосон сөрөг бодлыг өөрчилж, санаа зовних байдлыг багасгах

Хүнд хэлбэрийн сэтгэл түгшилттэй үед богино хугацааны үйлдэлтэй сэтгэл түгшилтын эсрэг эмүүдээс хэрэглэхийг зөвлөхөөс гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгнө. Сэтгэл түгшилтийг бууруулах бас нэг үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Ялангуяа аэробек бол сэтгэл түгшилтийг бууруулах хамгийн тохиромжтой арга бөгөөд 20мин –аас илүү хугацаанд хийх хэрэгтэй. Аэробэк хийх нь бясалгал эсвэл тайвшруулах амьсгалын дасгал хийсэнтэй адил үр дүнтэй.

Хэнд хандах вэ?

Сэтгэл гутрах, юманд идэвхи сонирхолгүй болох, сэтгэл түгших зэрэг шинж тэмдэг илэрч таны өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн та өөрөө сэтгэл түгшилээ даван туулж чадахгүй байгаа бол та өрхийн болон мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК